АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Мэдрэл, яс булчингийн хэт авиан Монголын нийгэмлэгтэй хамтран тус нийгэмлэгийн II чуулганы хүрээнд Монгол, Тайвань улсын хамтарсан олон улсын түвшинд заагддаг хөтөлбөр бүхий сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын онцлог нь анх удаа Монголд “Захын мэдрэл, хүзүү, нурууны эмгэгийн хэт авиан оношилгоо, хэт авиан хяналтад хийгдэх тарилга эмчилгээ” сэдвээр Тайвань улсаас уригдан ирсэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай сэргээн засахын 4 профессор, АШУҮИС, АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхимийн багш нартай хамтран сургалтад оролцогч эмч нарт онол болон дадлага хосолсон сургалтыг удирдан явуулсан явдал байв.
Зочин профессорын дунд энэ чиглэлээр дэлхийд нэр бүхий Тайванийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн Сэргээн засах анагаах ухааны тасгийн дарга, Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн Яс Булчингийн Хэт Авианы төвийн захирал, Тайваний Мэдрэл Яс Булчингийн Хэт Авиан Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн шилдэг эрдэмтдийн “2 хувь” жагсаалтад багтсан дэд профессор Chueh-Hung Wu байсныг онцлох нь зүйтэй юм.
Сургалтын эхний өдөр захын мэдрэл, хүзүү, нурууны яс булчингийн хэт авиан оношилгооны онолын хэсэг лекц хэлбэрээр явагдаж, 2дахь өдөр онолын мэдлэг дээр суурилан захын мэдрэл, хүзүү, нурууг хэрхэн хэт авиан шинжилгээ хийх талаар эхлээд эмч нар модел дээр үзүүлэн заасны дараа сургалтад оролцсон эмч нарыг 5 бүлэг болгон хувааж, бүлэг тус бүрийг Тайвань профессорууд болон СЗАУ-ны тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор Ш.Батчимэг нар удирдан эмч бүрийг дадлагажуулан сургалаа. Энэ нь эмнэлзүйн чиглэлээр ажиллаж буй эмч нарт өндөр ач холбогдол бүхий бодит үр өгөөжийг авчирсан сургалт болсон.
Сургалтад сэргээн засах, дүрс оношилгоо, гэмтэл согог, мэдрэл, мэдрэлийн мэс засал, зүрх судас, ерөнхий мэргэжил, ревматологийн чиглэлээр ажилладаг хот хөдөөгийн 130 гаруй эмч хамрагдсан бөгөөд тэд мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, олон улсын туршлагаас суралцах сайхан боломжийг олж авлаа.
Мөн энэ сургалтын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсон Мэйжик мед ХХК-ийн албан ёсны дистрибьютер Vinno компанийн удирдлагууд болон Хятад улсын менежерүүд хүрэлцэн ирж, сургалтад оролцсон эмч нарт Vinno хэт авиан аппаратны хиймэл оюун ухааны шийдлүүдийг захын мэдрэл, яс булчингийн практикт хэрхэн ашиглах талаар лекц уншин, воркшопд Vinno 9Е, R700, R300 загварын Ai функцүүдтэй, суурин 5 хэт авиан аппаратыг хэрэглүүлж, сургалтын турш техник технологи ашиглалтын аргазүйгээр ханган тусалж оролцсонд, мөн сургалт явуулах орон байраар хангасан АУ-ы доктор, профессор Я.Энхтөр захиралтай АУС-ийн хамт олонд нийт эмч нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид АШУҮИС-ийн АУС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхим нь Мэдрэл, яс булчингийн хэт авиан Монголын нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон энэ чиглэлээр гадаадын нэр бүхий эрдэмтэн профессор, эмч, багш нартай хамтран олон улсын сургалтыг эх орондоо явуулж, захын мэдрэл, яс булчингийн хэт авиаг эмнэлзүйд ашиглан оношилгоо, эмчилгээг явуулдаг төрөл бүрийн мэргэжлийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх, нэгтгэн баг болон ажиллах төлөвлөгөөтэй байна.











