АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн менежер Э.Сарнай багш 2026 оны 6 дугаар сарын 18–20-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан International Colorectal Disease Symposium 2026 олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, International Society for Fluorescence Guided Surgery (ISFGS) олон улсын мэс засалч эмч нарын нийгэмлэгийн шилдэг аман илтгэлийн төрөлд нэгдүгээр байр эзэлж тэргүүллээ.
Тус хурал нь бүдүүн, шулуун гэдэсний өвчлөл, мэс засал, сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний технологи, инновацын чиглэлээр дэлхийн тэргүүлэх эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүдийг нэгтгэдэг нэр хүндтэй олон улсын арга хэмжээ юм. Энэ жилийн хуралд дэлхийн 36 орны судлаачдын ирүүлсэн 180 гаруй аман болон ханын илтгэл хэлэлцүүлэгдэж, салбарын хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт амжилт, шинэ технологиудыг танилцуулсан байна.
Тус хурлыг дэлхийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын салбарын нэрт эрдэмтэн, мэс засалч, Векснерийн ангиллыг олон улсад нэвтрүүлсэн профессор Стивен Д. Векснер тэргүүтэй эрдэмтдийн зөвлөл зохион байгуулсан бөгөөд дэлхийн шилдэг их сургууль, эмнэлэг, судалгааны төвүүдийн төлөөлөл оролцсон нь хурлын нэр хүнд, ач холбогдлыг улам тодотгож байв.
Энэхүү амжилт нь АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, багш судлаачдын олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг батлан харуулсан төдийгүй Монгол Улсын анагаах ухаан, мэс заслын шинжлэх ухааны нэр хүндийг дэлхийн тавцанд сурталчлан таниулсан үйл явдал боллоо





