Монголын Анагаахын мэргэд номын 41-дүгээр цуврал Монгол улсын гавьяат багш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Лодойн Шагдар номын нээлт, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Уг номы нээлтэд “Монголын Анагаахын Мэргэд” цуврал номыг санаачлан бүтээгч Монгол Улсын ардын багш, Академич, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Ц.Лхагвасүрэн, Номын зохиогчдыг төлөөлж анагаах ухааны доктор Л.Бямбасүрэн, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч Шагдарын Шүрэнчимэг нар, болон Монгол Улсын ардын багш, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү, Монгол Улсын ардын багш, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Х.Гэлэгжамц нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж үг хэллээ.
Тус бүтээл нь Монгол улсын гавьяат багш, АШУ-ы доктор, профессор Лодойн Шагдарын намтар, ажил мэргэжил, боловсрол, эрүүл мэндийн салбар тэр дундаа чих хамар хоолойн орчин цагийн шинжлэх ухааныг Монгол улсад түүчээлэн хөгжүүлж бэхжүүлсэн үнэт хувь нэмэр, түүхэн онцлох үйл явдлуудыг түүхийн архивын баримт, гэрэлт зургуудад тулгуурлан туурвисан багш, шавь, гэр бүлийнхний хамтын бүтээл болжээ.
АШУҮИС-ийн ректор, Эрдмийн зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “ Лорын хэмээх Лодойн Шагдар багш бол мэдлэг ур чадвар ёс зүйг эрхэмлэсэн нэрт эрдэмтэн, багш сурган хүмүүжүүлэгч төдийгүй олон зуун шавь эмч нарыг сурган хүмүүжүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан удирдагч юм. Эрхэм багшийн маань 90 насны сүүдэр энэ жил тохиож байна. Багшийнхаа хийж бүтээсэн бүхнийг баримтжуулан өнөө үе, хойч үе, хүн бүгдэд хүртээн таниулж Монгол улсын чих хамар хоолойн шинжлэх ухаан, боловсрол, хөгжлийн замналын бүхэл бүтэн түүхийг илтгэхүйц бүтээл хэмээн ойлгон хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Үндсэн 5 бүлгээс бүрдсэн бүтээл нь Монгол Улсын Үндэсний Төв Архивын түүхийн баримт, Улсын Төв номын сан, АШУҮИС ба УНТЭ-ийн архив 34 баримт, УНТЭ-ийн ЧХХСМЗТ-ийн гэрэл зургийн цомог, Л. Шагдар багшийн хувийн архив, гэрэл зургийн цомгийн баримтуудыг үндсэн эх сурвалж болгон нотолгоонд суурилан бичсэн ба эрдэмтэн багш, ахмад эмч, эмнэлгийн мэргэжилтэн, найзууд болон гэр бүл шавь нарын дурсамжуудыг нэгтгэн оруулсанаараа онцлог болжээ.
Номын зохиогч:
Ц.Лхагвасүрэн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
Ш.Шүрэнчимэг, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч
Ш.Уранчимэг, Биологийн ухааны доктор, профессор
Л.Бямбасүрэн, Анагаах ухааны доктор
Эмхэтгэсэн:
Ш.Шүрэнчимэг, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч
Ш.Уранчимэг, Биологийн ухааны доктор, профессор
Д.Уранчимэг, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор











