УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН БАТАЛГААГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХЭЛЭЛЦЛЭЭ

Уламжлалт ба нэгдмэл анагаах ухааны (УНАУ) тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр ДЭМБ-ын бүс хоорондын сургалт, семинар БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Макаод 2026 оны 6-р сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. ДЭМБ-аас тунхагласан “Уламжлалт анагаах ухааны 2025–2034 хөгжлийн стратеги”-ийн бодлого гишүүн улс орнуудад хэрэгжиж, олон зуун жилийн уламжлалтай, тухайн үндэстний соёлын салшгүй хэсэг болох УА (Traditional medicine), хөгжлийн дараагийн шатанд орчин үеийн эмчилгээг дэмжлэг болгон нэмэлтээр хавсран хэрэглэж (Complementary medicine) байсан бол тус бодлогоор шинжлэх ухаанчаар нэгтгэсэн анагаах ухаан (Integrative medicine) байдлаар хөгжүүлэн үндэсний тогтолцоонд интеграцилах замаар бүх нийтийг хамруулахыг уриалж байна. Түүнчлэн өвчний олон улсын XI ангилалд УАУ-ны бүлгийг албан ёсоор оруулсан нь энэхүү интеграцийн хамгийн том практик нотолгоо болох юм.

Зохиогдсон сургалт, семинарын зорилго нь Уламжлалт анагаах ухааны 2025–2034 хөгжлийн стратегийн дагуу гишүүн орнууд болон дэлхий дахины тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн уялдаж буйг танилцуулах, УАУ-ны бодлого, зохицуулалт, эмч, мэргэжилтнүүдийн сургалт, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн улс орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотой гишүүн орнуудын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон нэгтгэхэд оршиж байв.

АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, ЭМЯ-ны УАУ-ны ерөнхий мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш Монголын уламжлалт анагаах ухааны бодлого, сургалтын тогтолцоо, тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёрхон баталсан “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг болон Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх тухай” төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чиглэсэн зорилт, арга хэмжээнд хоёр анагаах ухааны нийцлийг тогтоох, уламжлалт эмийн судалгаа, хөгжүүлэлт, шинэ бүтээгдэхүүн бий болгох, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,  үндэсний эмийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын зорилтууд дэвшүүлснийг мэдээлсэн. Түүнчлэн УАУ-ны эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоо, эмнэлгийн тусламжийн чанарын баталгаажилтыг хэрхэн хангаж байгаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. Мөн өвчний олон улсын өвчний ангилалын дагуу МУАУ-ны өвчний оношийг кодлох, эмнэлзүйн заавар боловсруулах, уламжлалт эмийн чанар-хяналтын чиглэлээр ДЭМБ-ын шинжээч, зөвлөхүүдээс зөвлөгөө авах, сургалтанд хамрагдах, хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүллээ.