UICED-2026 ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, Монголын Диабетын Холбоо хамтран зохион байгуулсан Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes (UICED-2026) олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 6 дугаар сарын 11–12-ны өдрүүдэд 9 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын нээлтийн үеэр АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор, Монголын Диабетын Холбооны тэргүүн, АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан нээлтийн үг хэлж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Энэ удаагийн хуралд олон улсын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид урилгаар оролцож, дотоод шүүрэл, чихрийн шижин болон халдварт бус өвчний чиглэлээрх сүүлийн үеийн судалгаа, оношилгоо, эмчилгээний ололт амжилтыг танилцууллаа. Тухайлбал ActioNCD International байгууллагын ерөнхийлөгч Temo Waqanivalu “From Burden to Breakthrough: Accelerating NCD Action through the 5P’s Framework”, Япон улсын Kyoto Medical Center-ийн профессор Shigeo Kono “Diabetic Foot Problems in Asia” сэдвүүдээр онлайн илтгэл хэлэлцүүлэв.

Тус хуралд нийслэл болон орон нутгийн нийт 137 дотоод шүүрэл судлаач эмч, мэргэжилтэн, мөн цахим хэлбэрээр 82 эмч, судлаач оролцож, мэдлэг, туршлагаа солилцлоо.

Хурлын хүрээнд:

  • Diabetes Comorbidities and Complications
  • Diabetes and Insulin Treatment (CaRe)
  • Diabetic Foot Complications
  • Thyroid Disorders
  • Metabolic Disorders and Non-Communicable Diseases

сэдвүүдээр симпозиумууд зохион байгуулагдаж, нийт 43 лекц, судалгааны ажил болон эмнэлзүйн тохиолдолтанилцуулагдсан юм.

Мөн энэ жилийн хурлын хүрээнд “Thyroid Disorders: Diagnosis and Treatment” сэдэвт сургалтыг МУ-ын Ардын багш, академич, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн удирдан явуулж, Олон улсын Бамбай булчирхайн холбооны ерөнхийлөгч Ashok Bhaseen оролцон бамбай булчирхайн эмгэгийн үеийн хоол тэжээлийн онцлог, орчин үеийн хандлагын талаар сургалт хийсэн нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татлаа.

Хурлыг:

  • МУ-ын Ардын багш, академич, АШУ-ы доктор, профессор Ц.Лхагвасүрэн
  • АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан
  • АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор АУ-ны доктор, профессор Ж.Сувд
  • АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн профессор АУ-ны доктор, дэд профессор С.Сайнбилэг
  • АШУҮИС-ийн АУС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс
  • АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, АУ-ны магистрант Б.Анхлан
  • АШУҮИС-ийн Дотоод шүүрэл судлалын тэнхим, АУ-ны магистрант Г.Нархажид

нар удирдан зохион байгууллаа.

Хурлын үеэр дотоод шүүрэл, чихрийн шижингийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиглэл, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид өөрсдийн санал бодол, туршлагаа солилцсон нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Түүнчлэн энэхүү хурал нь Монголын дотоод шүүрлийн эмч, судлаачдын холбоо байгуулагдсаны 30 жилийн ойтой давхцсан онцлогтой байв. Ойн хүрээнд холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг нийт дотоод шүүрлийн эмч нарын оролцоотойгоор албан ёсоор зохион байгуулж, амжилттай явууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь холбооны цаашдын хөгжил, залгамж чанар, мэргэжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов.

UICED-2026 хурал нь Монгол Улсад дотоод шүүрэл, чихрийн шижингийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр түвшний эрдэм шинжилгээний арга хэмжээ болж өндөрлөлөө.