ГЕНОМЫН СУДАЛГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН “INTRODUCTION TO EXOME SEQUENCING IN CLINICAL AND RESEARCH APPLICATIONS” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус сургалт нь геномын судалгааны орчин үеийн арга технологийг танилцуулах, экзом секвенсийн онолын мэдлэг олгох, эмнэлзүй болон эрдэм шинжилгээний судалгаанд ашиглах практик ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхим болон Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Нью-Йоркийн Их Сургуулийн Абу Даби салбар (New York University Abu Dhabi, NYUAD)-ын Faculty of Arts and Science-ийн хамтран хэрэгжүүлж буй “Genetic and Microbiome Variation Associated with Lipids and Lipid Metabolism in the Mongolian Population” төслийн хүрээнд “Introduction to Exome Sequencing in Clinical and Research Applications” сэдэвт сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 13–17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад АШУҮИС-ийн багш, судлаачид, магистр, докторын түвшний суралцагчид болон эрүүл мэндийн салбарын залуу эмч, судлаачид оролцож, экзом секвенсийн технологи, биоинформатикийн өгөгдөл боловсруулалт, генетикийн хувилбарын шинжилгээ, эмнэлзүйн хэрэглээний талаар цогц мэдлэг эзэмшлээ.

Оролцогчдод дараах үндсэн чиглэлүүдээр лекц, дадлага хэлбэрээр сургалт зохион байгуулав. Үүнд:

  • Экзом секвенсийн үндсэн ойлголт, зарчим
  • Дараалал тогтоох шинжилгээний өгөгдлийн чанарын хяналт
  • Генетикийн хувилбар (variant) илрүүлэх, ангилах аргачлал
  • Биоинформатикийн өгөгдөл боловсруулалт, шинжилгээ
  • Судалгааны өгөгдлийг тайлбарлах, үр дүнг үнэлэх арга зүй

Сургалтыг Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Нью-Йоркийн Их Сургуулийн профессор Youssef Idagdur, Dariga Bolatbay, Б.Энхнаран, Л.Тэнүүн нарын судлаачид удирдан явуулж, геномын судалгааны олон улсын туршлага, сүүлийн үеийн дэвшилтэт аргачлалуудыг танилцуулан, оролцогчидтой мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

Сургалтын төгсгөлд оролцогчдод сертификат гардуулж, цаашид геномын болон биоинформатикийн чиглэлээр хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

АШУҮИС-ийн Био-АС-ийн Биохимийн тэнхим нь NYUAD-тэй хамтран биохими, мультиомиксийн чиглэлийн судалгаа, сургалтын үйл ажиллагааг тогтмол өргөжүүлж, эрдэм шинжилгээний инноваци, хүний нөөцийн хөгжлийг дэмжин ажиллаж байна.