ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД, УРАГ СУДЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖИЛД ХӨТӨЛСӨН 80 ЖИЛ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн 80 жилийн ойг тохиолдуулан “Эх барих, эмэгтэйчүүд, ураг судлалын салбарыг хөгжилд хөтөлсөн 80 жил” олон улсын эрдэм шинжилгээ, эмнэлзүйн хурлыг 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Тус хуралд Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 170 гаруй эмч, судлаач, мэргэжилтэн оролцов.

Тус хурлыг АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, Нийслэлийн Өргөө амаржих газар хамтран зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүд, ураг судлалын салбарын хөгжил, эмч мэргэжилтнүүдийн сургалт, тасралтгүй боловсрол, эмнэлзүйн шинэ ололт, дэвшилтэт технологи болон олон улсын шилдэг туршлагыг хэлэлцэн хуваалцсан өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Хурлын нээлтийн үеэр АШУҮИС-ийн АУС-ийн захирал, АУ-ы доктор, профессор Я.Энхтөр, НӨАГ-ын дарга Н.Батсайхан болон гадаадын төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлж, эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн 80 жилийн түүхэн хөгжил, ололт амжилтыг онцлон тэмдэглэлээ. Мөн “Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн түүхийн жимээр” хүндэтгэлийн лекцийг АУ-ы доктор, дэд профессор Б.Болорчимэг уншиж, үе үеийн багш, эмч, судлаачдын үнэтэй хувь нэмрийг онцолсон юм.

Олон улсын хуралд Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Франц зэрэг орны нэр хүндтэй эрдэмтэн, эмч нар оролцож, эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн сургалт ба тасралтгүй хөгжил, мэргэжлийн карьер төлөвлөлт, кредит тогтолцоо, эмэгтэйчүүдийн эмгэг судлалын орчин үеийн оношилгоо, эмчилгээ, эхийн эндэгдэл ба хүндрэлээс сэргийлэх арга зам, төрсний дараах цус алдалтын олон улсын удирдамж, үжил халдварын менежмент, хиймэл оюун ухааныг эмэгтэйчүүдийн мэс заслын практикт ашиглах боломж зэрэг өргөн хүрээний сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Хурлын хүрээнд эх барих, эмэгтэйчүүд, ураг судлалын чиглэлээр нийт 44 эрдэм шинжилгээний судалгааны ажил, ховор тохиолдлын илтгэл ирснээс ханын илтгэлийн хэлбэрээр хэлэлцүүлж

  • Б.Мандал, Б.Балжинням, Г.Баттулга нарын “Жирэмсэн эмэгтэйн бөөр усжих, бөөр шээсний замын халдварт болон бөглөрөлтөт өвчний үед шээлэйд Double-J стент гуурс тавих эмчилгээний үр дүн” 
  • Д.Сэлэнгэ, Э.Лхагва-Очир, Б.Болорчимэг нарын “Дутуу төрсөн эхчүүдийн хорионамнионитийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйл ба эмнэл зүй” 
  • Д.Өнөржаргал, Ц.Энхбат нарын “Умайн унжилтын үед дурангаар умай сойх мэс засал” 
  • П.Сэргэлэн, Н.Ганболд нарын “Өндгөвчний хавдрын мэс заслын менежментэд IOTA загварыг ашигласан үр дүн” сэдэвт илтгэл шилдгээр шалгарав.

Түүнчлэн ураг судлалын салбарын үүсэл хөгжил, орчин үеийн чиг хандлага, урагт зонхилон тохиолдох хромосомын эмгэгийн илрүүлэг, оношлогооны өнөөгийн боломж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын талаар мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөсөн. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол улсын эх барих, эмэгтэйчүүд, ураг судлалын салбарын 80 жилийн түүхэн замналыг дүгнэн цэгнэхийн зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ мэдлэг, инновац, эмнэлзүйн шилдэг туршлагыг нутагшуулах, залуу үеийн эмч, судлаачдыг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.