АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн хүрээнд “Эрүүл мэнд ба хоол зүй-2026” олон улсын виртуал симпозиумыг 2026 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Симпозиумд Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиуд оролцлоо.
АНУ-ын Лома Линдагийн Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Адам Арчега, БНХАУ-ын Харбины Анагаах Ухааны Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд захирал Маоий Тянь, Япон улсын Вайо Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Эрүүл мэнд ба шим тэжээл судлалын тэнхимийн багш нар, БНСУ-ын Ажоү Их Сургуулийн Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, эмнэл зүйн шим тэжээлийн багийн ахлагч Ким Михянь зэрэг хоол зүй, шим тэжээлийн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд Хүн амын натрийн хэрэглээг бууруулах бодлого, Хооллолт ба сэтгэцийн эрүүл мэндийн хамаарал, Эмнэл зүйн хоол зүйн тусламж үйлчилгээ, Шим тэжээлийн үнэлгээ, Хоол зүйн боловсролын өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр сургалт хийж нотолгоонд суурилсан мэдлэг, сайн туршлагаас суралцах боломж бүрдэв.
Симпозиумын дараах сэтгэл ханамжийн судалгаанд оролцогчдын 95 хувь нь арга хэмжээний агуулга, зохион байгуулалт, илтгэлүүдийн чанарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү симпозиум нь эрүүл мэнд, хоол зүйн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцоог дэмжих, нотолгоонд суурилсан үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.













