АШУҮИС, БИО-АНАГААХЫН СУРГУУЛЬ БНСУ-ЫН EWHA WOMANS UNIVERSITY-ИЙН ТҮҮХИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ АНАГААХЫН ТҮҮХ, ХҮМҮҮНЛЭГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургууль болон БНСУ-ын Ewha Womans University-ийн Түүхийн Хүрээлэнгийн хооронд эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 5 жилийн хугацаанд хэрэгжих төслийн “Хамтын ажиллагааны санамж бичиг” (MOU), “Судалгааны хамтын ажиллагааны гэрээ” (RCA)-нд талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү түншлэлийн хүрээнд анагаах ухааны түүх, хүмүүнлэгийн ухаан болон холбогдох салбар хоорондын судалгааг хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, хамтарсан судалгааны ажил зохион байгуулах, судалгааны өгөгдөл, эрдэм шинжилгээний бүтээл болон ном зохиолыг харилцан солилцох зэрэг үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов.

Судалгааны хамтын ажиллагааны гэрээний дагуу уг төслийг АШУҮИС-иас БАС-ийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, доктор Б.Төмөрхуяг болон багш, доктор Т.Анхбаяр, Ewha Womans University-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал доктор Ким Ил Нён, профессор Чун Хежун нар удирдан хэрэгжүүлнэ.

Энэхүү гэрээ нь анагаахын түүх, хүмүүнлэгийн судалгааг олон улсын түвшинд хөгжүүлэх, хоёр сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болж байгаагаараа онцлог юм.