Манай их сургуультай хамтын ажиллагаатай Япон улсын IUHW (International University of Health and Welfare) сургууль нь жил бүр оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг уламжлалтай билээ.
Энэ жил нийт 2 багш, 19 оюутан ирж, оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд “Монгол Япон сургалтын эмнэлэг” “Улсын гуравдугаар төв эмнэлэг”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” зэрэг эмнэлгүүдтэй танилцах дадлага хийв. Мөн АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сургалтын үйл ажиллагаатай танилцаж “Мэргэжил танилцуулах симпозиум” “Хоёр орны соёл, ёс заншлын арга хэмжээ” болон “Оюутны амьдралын нэг өдөр” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэн харилцан туршлага солилцлоо.
Мэргэжил танилцуулах симпозуимын илтгэлийн үеэр 2 сургуулийн бэлтгэдэг мэргэжил болох Сувилагч, Нийгмийн эрүүл мэндийн сувилагч, Хөдөлмөр засалч, Хөдөлгөөн засалч, Эх баригч, Хэл засалч, Лабораторийн техникч, Эм зүйч гэсэн мэргэжлүүдийн онцлог талуудыг танилцуулж сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Мөн чөлөөт цагийн хөтөлбөрөөр Чингис хаан үндэсний музей, түүхэн соёлын дурсгалт газруудыг үзэж, Сувилахуйн сургуулийн Япон хэлний Цүнагари клуб болон Монгол ёс заншлаа сурталчлан өвлүүлэх зорилго бүхий Номад клубын оюутнуудтай чөлөөт цагийг өнгөрүүлэн өргөн цар хүрээнд танилцах дадлагаа амжилттай хийж дуусгалаа.



















