ДЭНСМААГИЙН ДҮНГЭРДОРЖ
(1942–2026)
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Академич, Анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хүндэт профессор, Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Дэнсмаагийн Дүнгэрдорж 2026 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өвчний учир таалал төгсөж, Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Академич Дэнсмаагийн Дүнгэрдорж 1942 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Олон худаг” хэмээх газар мэндэлжээ.
Монгол Улсын Ардын багш Д.Дүнгэрдорж нь 1959 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1965 онд Москвагийн Анагаах Ухааны I дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн.
Академич Д.Дүнгэрдорж нь 1965–1966 онд Говь-Алтай аймгийн эмийн сангийн эрхлэгч, 1966 оноос Анагаах Ухааны Их сургуульд багш, 1968–1973 онд Мэргэжил дээшлүүлэх факультетийн орлогч декан, 1973–1981 онд Нэгдсэн факультетийн декан, 1981–1987 онд хичээл ангийн эрхлэгч, 1987–2008 онд Боловсрол эрхэлсэн дэд захирал, 2008 оноос АШУҮИС-ийн зөвлөх профессороор тус тус ажиллаж байлаа.
Ардын багш, академич Д.Дүнгэрдорж нь боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт өөрийн ухамсарт амьдралын 60 гаруй жилийг зориулсан олон мянган шавь төрүүлсөн сурган хүмүүжүүлэгч багш, нэрт эрдэмтэн, удирдан зохион байгуулагч байлаа.
Академич Д.Дүнгэрдорж нь 1978 онд Москвагийн Анагаах Ухааны I дээд сургуульд эм зүйн шинжлэх ухааны дэд докторын зэрэг, 1996 онд Украйны Эм зүйн академид эм зүйн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
Профессор Д.Дүнгэрдорж нь Монгол Улсын эрдмийн зэрэг, цол олгох Дээд зөвлөлийн шийдвэрээр 1985 онд дэд профессор, 1997 онд профессор цол хүртэж, 1997 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Анагаах ухааны бага чуулганы гишүүнээр, 2004 оноос Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, 2007 оноос Анагаах ухааны академийн үндэслэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
Академич Д.Дүнгэрдорж нь мэргэжлийн 50 гаруй ном, сурах бичиг, гарын авлага туурвиж, 45 ном, товхимолыг хянан тохиолдуулж, эрдэм шинжилгээ судалгааны 281 өгүүлэл хэвлүүлж, эмийн улсын стандарт, технологи 36, шинэ бүтээл, оновчтой санал 10 гаруй, эм зүйн шинжлэх ухааны магистр 30, докторын 31 эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулж, албан ёсны шүүмж 20 хийж, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Тэрээр эх орныхоо эмийн ургамлыг судлах чиглэлээр 1968 оноос эхлэн тууштай эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, зарим зүйл хунчир, бэриш, дэгд, ортууз зэрэг 12 зүйл ургамлаас 71 бодисыг цэвэршүүлэн ялгаж, бүтэц байгууламжийг нь тогтоосны дотор өмнө нь дэлхийд мэдэгдээгүй 8 шинэ бодисыг нээн илрүүлжээ.
Академич Д.Дүнгэрдорж нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургалтын хөтөлбөрийг үндэсний хийгээд олон улсын түвшинд хүргэх, багшлах боловсон хүчний залгамж халааг бэлтгэх, ухааны боловсролын бодлогыг хоёр зууныг дамжуулан 40 гаруй жил удирдсан, анагаахын ухааны боловсролын бодлогыг шинэ түвшинд гаргасан боловсрол судлаач юм.
Академич Д.Дүнгэрдорж нь Монголын эм зүйн ажилтны холбооны тэргүүн, Эрүүл мэндийн яамны Эм судлал, эм зүйн мэргэжлийн зөвлөлийн дарга, ЭМЯ-ны эм зүйн ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Эмийн үндэсний зөвлөлийн Хүний эмийн асуудал эрхэлсэн салбар зөвлөлийн гишүүн, Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх зөвлөлийн гишүүн зэрэг мэргэжлийн болон олон нийтийн байгууллагад хариуцлагатай сонгуульт ажлуудыг удирдаж үр бүтээлтэй ажиллаж байлаа.
Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж, МХЗЭ-ийн Тэргүүний сэхээтэн медаль, VI таван жилийн гавшгайчийн тэмдэг, МХЗЭ-ийн 60 жилийн ойн медаль, Ардын боловсролын 60 жилийн ойн дурсгалын хүндэт тэмдэг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Эрдмийн цагаан лавай” хүндэт медаль, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, Алтан гадас одон, АУИС-ийн 60 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 60, 70, 90 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагдсан бөгөөд 2003 онд Монгол Улсын Гавьяат багш, 2021 онд Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн билээ.
Монгол Улсын Ардын багш, академич Д.Дүнгэрдорж багшийн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр нь үеийн үед мөнхөд дурсагдах болно.
Түүний өндөр мэдлэг боловсрол, зарчимч шударга зан чанар, алсын хараатай манлайлал, зангарагтай удирдлага, эх оронч үзэл, мэргэжилдээ үнэнч хандлага нь хойч үеийнхэнд үлгэр дуурайл болсоор байх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид, шавь нар, дотнын хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль



