АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ БҮРЭН ХАНГАЛАА

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/72 дугаар тушаалаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь “Дээд боловсролын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний шалгуур үзүүлэлт”-ийг бүрэн хангасныг албан ёсоор батламжиллаа.

Батламж гардуулах арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн оролцож, АШУҮИС-ийн проректор Ц.Билэгтсайхан, Шинжлэх ухаан, технологи, инновацын газрын дарга Д.Отгонбаяр нарт батламжийг гардуулан өглөө.

Энэ үеэр дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ тус батламж нь АШУҮИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын олон жилийн хөдөлмөр, эрдэм шинжилгээ, инновац, судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг төрөөс хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл болохыг онцлон тэмдэглэв.

Эрдэм шинжилгээний байгууллагын статустай болсноор АШУҮИС нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.11-д заасан эрх, боломжуудыг бүрэн эдлэх нөхцөл бүрдэж байна. Тухайлбал, судалгааны үндсэн чиглэлээ баталгаажуулах, үндсэн чиглэлийн хүрээнд суурь санхүүжилт авах, шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, суурь болон хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж нээгдэж байна.

Мөн эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, эрх зүйн орчинд тусгагдсан тусгай зохицуулалтыг ашиглах боломжтой болж байгаа нь их сургуулийн судалгаа, инновацын чадавхыг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний тэргүүлэх байгууллага болон хөгжихөд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү амжилтыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт эрдэмтэн мэргэд, профессор багш, судлаачид, ажилтан албан хаагчдадаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.