ЭРҮҮЛ МЭНДИЙН BIG DATA БА ХИЙМЭЛ ОЮУН” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын цахим шилжилт эрчимжиж, эмнэлзүйн мэдээллийн систем, геномын өгөгдөл, дүрс оношилгоо, ухаалаг төхөөрөмжүүд болон олон төрлийн мэдээллийн эх үүсвэрээс бий болох өгөгдлийн хэмжээ хурдацтай өсөн нэмэгдэж байна. Энэхүү их хэмжээний өгөгдөл (Big Data)-ийг үр дүнтэй ашиглах нь нотолгоонд суурилсан анагаах ухаан, судалгаа, шийдвэр гаргалт болон хиймэл оюуны хөгжлийн чухал үндэс болж байна.

АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулиас эрүүл мэндийн салбар дахь их өгөгдөл, өгөгдлийн шинжилгээ, хиймэл оюуны хэрэглээний талаарх мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, цаашлаад эдгээр чиглэлийн агуулгыг магистрын болон докторын хөтөлбөрт үе шаттайгаар нэвтрүүлэх, судалгаа, инноваци, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн Big Data ба хиймэл оюун” сэдэвт сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд:

Г. Дамба – “Big Data-ийн үндсэн ойлголт ба эрүүл мэндийн салбар дахь хэрэглээ”

С. Хашчулуун – “Big Data цуглуулах, боловсруулах арга зүй”

Х. Дэлгэрдалай – “Эмнэлзүйн өгөгдлийн шинжилгээ ба хэрэглээ”

Б. Халиун – “Big Data био-анагаахын судалгаанд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчидтой туршлага, мэдлэгээ хуваалцлаа.

Сургалтад эрүүл мэндийн салбарын судлаач, эмч, мэргэжилтэн, багш, оюутан болон өгөгдөлд суурилсан судалгаа, хиймэл оюуны хэрэглээг сонирхогчид оролцож, танхимаар 30, цахимаар 64, нийт 94 оролцогч хамрагдлаа. Энэхүү сургалт нь их өгөгдлийн шинжилгээ, эмнэлзүйн мэдээллийн боловсруулалт, био-анагаахын судалгаанд хиймэл оюуныг ашиглах боломжийн талаар ойлголт, мэдлэгээ гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.