Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Био-Анагаахын сургууль, Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэг хамтран “Дархлаа судлалын орчин үеийн ололт, амжилт” (The 10th International Conference on Current Advances in Immunology – RAI 2026) олон улсын эрдэм шинжилгээний 10 дахь хурал, сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус хуралд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Малайз, Франц, Сингапур, Австрали, Швейцарь зэрэг улсын их сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй эрдэмтэн, судлаач танхим болон цахим хэлбэрээр оролцож, дархлаа судлалын салбарын сүүлийн үеийн судалгааны үр дүн, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн талаар хэлэлцэв.
Хурлын үеэр дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, дархлаа судлалын үндсэн болон хэрэглээний судалгааны чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцсан юм. Мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгааны шинэ боломжуудыг тодорхойлох үр дүнтэй хэлэлцүүлгүүд өрнөв.
“Recent Advances in Immunology – 2026” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус арга хэмжээний эхний өдөр олон улсын эрдэм шинжилгээний хурал, хоёр дахь өдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан тасралтгүй сургалт болсон бөгөөд онолын суурь шинжлэх ухаан, эмнэлзүйн анагаах ухааны чиглэлээр өргөн хүрээний лекц, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Хурлын хүрээнд дархлааны тогтолцооны эрүүл болон эмгэг үеийн хариу урвал, эмгэг жамын онцлог, эмнэлзүйн лабораторийн шинжилгээнд нэвтэрч буй орчин үеийн технологи, шинжилгээнд суурилсан эмнэлзүйн тохиолдол, чанар ба аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Түүнчлэн КОВИД-19 болон хүний папиллома вирусын халдварын эсрэг вакцины үр нөлөө, дархлаа тогтоцын талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулсан нь оролцогчдын онцгой анхаарлыг татав.
Энэхүү хурал нь дархлаа судлалын салбарын шинэ мэдлэг, инновацыг түгээн дэлгэрүүлэх, анагаах ухааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц боломжийг тодорхойлох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал индэр болж чадлаа.
Хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АШУҮИС, ХӨСҮТ-ийн хамт олон, мөн ивээн тэтгэгч байгууллагууд болон хамтран ажилласан бүх байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.






















