ДОКТОР, МАГИСТРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн доктор, магистрын хөтөлбөрийг 2025–2026 оны хичээлийн жилд бүрэн дүүргэж, эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд анагаах ухааны доктор, анагаах ухааны магистрын диплом гардуулах ёслол 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд АШУҮИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан 21, магистрын зэрэг хамгаалсан 83 судлаачдад диплом гардууллаа.

Эрдмийн зөвлөлийн дарга, ректор Б.Дамдиндорж нээлтийн үгэндээ АШУҮИС-ийн эрдэм судлалын бүтээлийн тоо өсөж 2026 онд Round University Ranking эрэмбээ ахиулж 1169 дүгээр байрт эрэмбэлэгдсэн болохыг онцоллоо.

Төгсөгчдийг төлөөлж анагаах ухааны доктор Цэгмидийн Наранцэцэг, анагаах ухааны магистр Өлзий-Очирын Мөнх-Эрдэнэ нар үг хэллээ.

Доктор, магистрын судалгааны ажлыг удирдан чиглүүлж, зөвлөгөө өгч ажилласан эрдэмтэн багш нар, хамтран зүтгэсэн судалгааны баг хамт олонд талархал илэрхийлье.

Дипломоо гардан авсан нийт судлаачиддаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжлийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.