Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь олон улсын хянан магадалгаа бүхий, Scopus болон Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээлийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэн магадлан итгэмжлүүлэх, гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр тогтвортой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн билээ.
Эдгээр бодлого, үйл ажиллагааны үр дүнд дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог нэр хүндтэй байгууллага болох ROUND UNIVERSITY RANKING (RUR)-ийн шалгуурыг хангаж, АШУҮИС нь 2025 онд “ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ЭРЭМБЭ”-д дэлхийд 1237 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2026 онд 1169 т эрэмбэлэгдлээ.
Дэлхий даяар 25,000 гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд их сургуулиудын эрэмбийг тогтоодог 80 гаруй байгууллагаас RUR нь дэлхийн шилдэг 10 эрэмбийн байгууллагын нэгд тооцогддог. Тус байгууллага нь их сургуулиудыг эрдэм шинжилгээ, сургалт, олон улсын хамтын ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтийн хүрээнд нийт 20 дэд шалгуураар үнэлж, дэлхийн эрэмбийг тогтоодог онцлогтой.
Энэхүү амжилт нь зөвхөн АШУҮИС-ийн хамт олны төдийгүй Монгол Улсын дээд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын хүчин чармайлт, хөгжлийн үр дүн юм.
АШУҮИС-ийн нийт эрдэмтэн багш, судлаачид, эмч мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчид, оюутан суралцагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.


