АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЗҮЙН УР ЧАДВАРЫН ТӨВД ГАЛТ-ЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АНУ-ын Мэс заслын нийгэмлэгийн албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад зохион байгуулагддаг “Гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламж” (ГАЛТ) сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтад АУС-ийн Мэс заслын тэнхимийн төгсөх дамжааны 16 резидент эмч хамрагдаж, онолын мэдлэгээ бататган, яаралтай болон гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний ур чадвараа олон улсын стандартын дагуу ахисан түвшинд эзэмшлээ.

Сургалтыг амжилттай төгссөн эмч нарт Америкийн Мэс заслын нийгэмлэгээс албан ёсны сертификат олгогдох бөгөөд уг сертификат нь олон улсын түвшинд гэмтэгсдэд лавшруулсан тусламж үзүүлэх эрхийг баталгаажуулж буйгаараа онцлог юм.

Тус сургалт нь эмч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна яаралтай тусламж, гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэхэд чухал ач холбогдолтой юм.