Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль-ийн Эм зүйн сургуулийн оюутнуудад зориулсан гаалийн байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, мэргэжлийн чиглэлийг танилцуулах уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус уулзалтыг Гаалийн байгууллагын Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт, хорио цээрийн газар, Сургалтын төв, Олон нийттэй харилцах төв хамтран зохион байгуулж, оюутнуудад гаалийн байгууллагын үндсэн чиг үүрэг, ажиллах орчин, мэргэжлийн хөгжлийн боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Уулзалтаар гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих, улсын төсвийн орлого бүрдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх зэрэг гаалийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг танилцуулсан юм.
Мөн төрийн албанд ажиллахад тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын ил тод, нээлттэй тогтолцоо, хүний нөөцийн бодлого, мэргэжлийн өсөлт хөгжлийн боломжийг онцлон танилцуулж, байгууллагын хамгийн үнэт зүйл нь ажилтан, албан хаагчид болохыг онцоллоо.
Түүнчлэн эм, био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн чиг үүрэг, ач холбогдол, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад гүйцэтгэх үүрэг, хариуцлагын талаар оюутнуудад ойлголт өгсөн байна.
Энэхүү арга хэмжээнд 90 гаруй оюутан оролцож, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа, төрийн албанд ажиллах боломжийн талаар бодит мэдээлэл авч, мэдлэгээ тэллээ.








