Анагаах ухааны салбарын нэрт төлөөлөл, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич, АШУ-ы доктор, профессор Бат-Өлзийн Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлалын Улсын IV олимпиад” 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр АШУҮИС-ийн Зүүн кампус, АУС-ийн Blue Hall хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус олимпиадыг АШУҮИС-ийн АУС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхим, Анагаах ухааны хүрээлэн, Хепато-Гастроэнтерологич оюутны клуб, академичийн үр хүүхдүүд болон шавь нар хамтран зохион байгуулсан бөгөөд АШУҮИС, “Ач” АУИС, “Этүгэн” их сургуулийн нийт 37 багийн 111 оюутан оролцож, хоол боловсруулах эрхтэн судлалын чиглэлээр мэдлэг, ур чадвар, эрдэм шинжилгээний өгүүлэл унших, илтгэх чадвараараа өрсөлдлөө.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь академичийн судлаач, эрдэмтэн хүнд байх ёстой суурь чадвар, эрдмийн ажлын үнэ цэнийг онцлон таниулах зорилгоор үндсэн үе шатуудад “Судалгааны хэлэлцүүлэг” хэсгийг шинээр нэмэн зохион байгуулсан явдал байв.
Олимпиадыг нээж АШУҮИС-ийн АУС-ийн захирал, АУ-ы доктор, профессор Я.Энхтөр, Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Ц.Бямбажав, академич Б.Цэрэндаш багшийн гэр бүлийн төлөөлөл, АУХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, АУ-ы доктор, дэд профессор Б.Батболд нар үг хэллээ.
Мөн Анагаах Ухааны хүрээлэнгийн захирал, АУ-ы доктор, профессор Л.Тулгаа “Академич Б.Цэрэндаш багшийн намтар, бүтээл, үзэл баримтлал” сэдвээр, АШУҮИС-ийн МЯЭ-ийн эмч, АУ-ы доктор Б.Саруулжавхлан шинэ эрдэмтний танилцуулга болон өөрийн судалгааны ажлын талаар илтгэл танилцууллаа.
Олимпиадад салбарын ахмад эрдэмтэн, эмч, профессорууд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн, оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны идэвхийг дэмжин урам хайрлалаа.
Олимпиадыг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагчид, шүүгчид, оролцсон оюутнууд болон хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.



















