Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Battsetseg D

АШУҮИС-ИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ ЭМЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТАА ЭХЛҮҮЛЛЭЭ

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийн дэргэдэх Робот мэс заслын сургалтын төвд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэс заслын эмч нарт зориулсан анхан шатны баримжаа олгох сургалтыг эхлүүллээ.

Тус төв нь 2026 оны 9 дүгээр сард нээлтээ хийснээс хойш сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, батлуулан, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа нь Монгол Улсад робот мэс заслын чиглэлээр үндэсний хэмжээний мэргэшсэн хүний нөөц бэлтгэх тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болж байна.

Анхны сургалтад Ховд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв болон Ерөнхий мэс заслын тасаг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн мэс заслын эмч нар хамрагдлаа.

Сургалтын хүрээнд оролцогчид робот мэс заслын системийн бүтэц, үйл ажиллагааны зарчим, аюулгүй ажиллагаа, мэс заслын консолын удирдлага болон симуляцид суурилсан дадлага сургалтад хамрагдав. Үүний дараа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Урологи, андрологийн төвтэй хамтран бодит робот мэс заслын хагалгааг ажиглан, эмнэлзүйн орчинд туршлага судалсан нь онол, дадлага болон эмнэлзүйн үйл ажиллагааг уялдуулсан сургалтын чухал хэсэг байлаа.

Робот мэс заслын сургалтын төв нь робот мэс заслын эмч, мэс заслын багийн сувилагч, резидент эмч болон дурангийн мэс заслын эмч нарыг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр нийт дөрвөн албан ёсны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Робот мэс засал нь мэс заслын эмчээс гадна сувилагч, туслах ажилтан болон бусад мэргэжилтний нягт хамтын ажиллагаа шаарддаг технологи учраас мэс заслын багийг цогцоор нь сургаж, дадлагажуулах нь сургалтын гол онцлог юм.

Өмнө нь робот мэс заслын дэвшилтэт технологийг эзэмшихийн тулд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад суралцах шаардлагатай байсан бол ийнхүү дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмж, сургалтын орчин, мэргэшсэн багш нарын удирдлага дор эх орондоо суралцаж, дадлагажих боломж бүрдэж байна. Энэ нь зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх төдийгүй уг технологийг бие даан эзэмшиж, хөгжүүлэх үндэсний хүний нөөц, сургалтын чадавхыг бий болгож буйгаараа онцлог ач холбогдолтой юм.

Цаашид улсын болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн мэс заслын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг үе шаттайгаар сургалтад хамруулж, робот мэс заслын чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр Монгол Улсад робот мэс заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлж, иргэдэд эх орондоо орчин үеийн, өндөр нарийвчлалтай, бага зүслэгтэй мэс заслын эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

← Бүх мэдээ