Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн болон АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль (НЭМС) байгуулагдсаны түүхт 70 жилийн ойд зориулсан Ж.Шагжийн нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
“Нийгмийн эрүүл мэндийн бодлого, тогтолцоо, хүний нөөцийн хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдсан тус хурлыг Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулсан юм.
Хурлын нээлтэд АШУҮИС-ийн Ректор, АУ-ы доктор, профессор Б.Дамдиндорж үг хэлж, салбарын түүхэн хөгжил, өнөөгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар онцоллоо. Мөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр мэндчилгээ дэвшүүлж, ДЭМБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, эрүүл мэнд, боловсролын салбарын удирдлагууд, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, үе үеийн эрдэмтэн багш, төгсөгчид, хамтран ажиллагч байгууллагын төлөөлөл, оюутан залуус оролцлоо.
Үндсэн хуралдаан нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, тогтолцооны шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний тогтолцооны чиг хандлага зэрэг асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбар болон сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах боломж, тулгамдаж буй ёс зүйн асуудлаар илтгэл тавьж, панел хэлэлцүүлэг өрнүүлсэн нь хурлын онцлох хэсгүүдийн нэг байв.
Олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Их Британийн Кийлийн их сургууль (Keele University), АНУ-ын Коннектикутын их сургууль (UConn), Дьюкийн их сургууль (Duke University), БНХАУ-ын Бээжингийн их сургууль (Peking University) болон бусад байгууллагын профессор, судлаачид оролцож, дэлхийн нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, хүний нөөцийн хөгжил, гүн сургалтад (Deep Learning) суурилсан судалгааны шинэ чиг хандлага, туршлагаа хуваалцлаа.
Мөн дотоодын эрдэмтэн, судлаачид нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг хөндсөн шилдэг найман судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцүүлэв. Тухайлбал, хөхний хорт хавдартай өвчтөний амьдрах чадвар, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сонсгол бууралт, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанар, томуугийн тархвар зүй, савласан ундны усны аюулгүй байдал, нас баралтын шалтгааны дүн шинжилгээ зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарсан судалгаануудыг хэлэлцсэн юм.
Ж.Шагжийн нэрэмжит энэхүү олон улсын хурал нь Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ ирээдүйн хөгжлийн бодлого, хүний нөөцийн чадавх, судалгаа, инновацын чиглэлийг тодорхойлох, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

























































