Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

ИММУНОЛОГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАДАД 15 БАГ, 120 ГАРУЙ ОЮУТАН ӨРСӨЛДӨНӨ

Battsetseg D

ИММУНОЛОГИЙН УЛСЫН VIII ОЛИМПИАДАД 15 БАГ, 120 ГАРУЙ ОЮУТАН ӨРСӨЛДӨНӨ

Дархлаа судлалын шинжлэх ухаанд сонирхолтой, мэдлэг чадвараа сорих хүсэлтэй оюутан залуусыг нэгтгэдэг Иммунологийн Улсын VIII олимпиад 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) дээр зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн олимпиадад Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн 15 баг, 120 гаруй суралцагч оюутан оролцохоор бүртгүүлсэн нь дархлаа судлалын шинжлэх ухааныг сонирхож буй оюутан залуусын идэвх, оролцоог илтгэж байна.

Иммунологийн улсын олимпиадыг 2008 оноос эхлэн хоёр жил тутам зохион байгуулж ирсэн бөгөөд анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дархлаа судлалын онолын мэдлэг, шинжлэх ухааны сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг уламжлалт арга хэмжээ юм.

Ганцаарчилсан төрөлд оролцогчид дархлаа тогтолцооны бүтэц, үүрэг, төрөлхийн болон олдмол дархлаа, антиген, эсрэгбие, дархлааны эсүүдийн хөгжил, үйл ажиллагаа, цитокин, эдийн тохирооны тогтолцоо зэрэг суурь ойлголтуудаар онолын мэдлэгээ сорин өрсөлдөнө.

Харин гурван оюутны бүрэлдэхүүнтэй багууд гурван үе шаттай тэмцээнд оролцох юм.

• Багийн танилцуулга, мэндчилгээ: Баг бүр өөрсдийгөө танилцуулж, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвараа харуулна.

• Цахим асуулт, хариултын тэмцээн: Kahoot платформ ашиглан дархлаа судлалын суурь мэдлэг, хурд, оновчтой шийдвэр гаргах чадвараа сорино.

• Асуулт, бодлого, зурган үзүүлэн, үгийн сүлжээ: Оролцогчид мэдлэгээ хэрэглэж, шинжлэх ухааны ойлголтыг тайлбарлах, асуудал шийдвэрлэх чадвараараа өрсөлдөнө.

• Гардан үйлдлийн ур чадварын тэмцээн: Шалгарсан багууд дархлаа судлалын шинжилгээний аргаар даалгавар гүйцэтгэж ур чадвараа харуулна.

Олимпиадын ганцаарчилсан болон багийн тэмцээнээс нийт 9 байрт шилдэг оролцогчдийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна.

Дархлаа судлалын мэдлэг нь халдварт өвчин, вакцин судлал, харшил, аутоиммун өвчин, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгалт, лабораторийн оношилгоо зэрэг орчин үеийн анагаах ухааны олон чиглэлийн шинжлэх ухааны үндэс болдог.

Иммунологийн Улсын VIII олимпиадад оролцогч нийт оюутан залууст амжилт хүсье !

Зохион байгуулагч:

• АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим

• МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхим

• ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, Микробиологийн тэнхим

• Монголын Дархлаа, Бичил амь судлалын нийгэмлэг

← Бүх мэдээ