АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн оюутнууд БНСУ-ын Daegu Health College, Kwangju Health College, Daejeon Health College-ийн багш, оюутнуудтай хамтран нөхөрсөг уулзалт, соёлын өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт Сувилахуйн сургуулийн “Цүнагари”, “Номад” клубийн гишүүд болон солонгос хэлний мэдлэгтэй оюутнууд идэвхтэй оролцож, хоёр орны үндэсний соёл, урлаг, уламжлалт хувцас, тоглоом наадгайгаар дамжуулан харилцан танилцаж, туршлага солилцон, нөхөрлөлөө бэхжүүлэв.
Энэ үеэр “Цүнагари” клубийн оюутан Б.Болор Япон Улсад богино болон урт хугацааны дадлага хийсэн туршлагаасаа хуваалцаж, Сувилахуйн сургуулийн оюутнууд мэргэжлийн сургалтынхаа зэрэгцээ олон улсын солилцоо, дадлага, оюутны клубийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү танилцуулга нь Монгол, Солонгосын оюутнуудын цаашдын хамтын ажиллагаа, хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд үнэ цэнтэй туршлага боллоо.
Өдөрлөгийн онцлох үйл ажиллагааны нэг нь Монгол оюутнууд зочдын нэрийг монгол үндэсний бичгээр уран бичиж, дурсгал болгон гардуулсан явдал байв. Түүнчлэн оюутнууд хамтдаа тоглож, урлагийн мэндчилгээ дэвшүүлэн, улс үндэстнийхээ соёлын өв, уламжлалыг харилцан танилцуулж, дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Энэхүү өдөрлөг нь хоёр орны оюутнуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ соёлын олон янз байдлыг ойлгон хүндэтгэх, харилцаа, багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, олон улсын орчинд суралцах боломжийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон БНСУ-ын гурван сургуулийн багш, оюутнууд болон зохион байгуулалтад хамтран ажилласан нийт багш, оюутан, клубүүддээ талархал илэрхийлье.







