Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙ, “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Battsetseg D

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙ, “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэндийг эрдэмтэн судлаач, багш, ажилтан, албан хаагч Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс болсон шинжлэх ухаан, инновац, технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ мэдлэг бүтээх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд манлайлан ажиллаж буй Та бүхний эрдэм судлалын их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

АШУҮИС-ИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ОЛОЛТ АМЖИЛТ

2026 онд АШУҮИС нь “Round University Ranking” (RUR)-ийн дэлхийн их сургуулиудын эрэмбэд 1169 дүгээр байрт эрэмбэлэгдэж, дээд боловсролын байгууллагыг эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний шалгуурыг бүрэн хангасан амжилт үзүүллээ.

Өнөөдрийн байдлаар тус сургууль дотоод, гадаадын нийт 77 төсөл хэрэгжүүлж байгаагийн 8 нь инновац, технологи дамжуулах чиглэлийн төсөл юм. Түүнчлэн 2025–2026 онд Оюуны өмчийн газарт 68 шинэ бүтээл бүртгүүлснээр АШУҮИС-ийн багш, судлаачдын нийт бүртгэгдсэн оюуны өмчийн тоо 553-т хүрээд байна.

Мөн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлж, нутагшуулах үйлсэд Монгол–Японы эмнэлэг манлайлан ажиллаж, нийт 108 дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн амжилтаараа Эрүүл мэндийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ – 2026” үзэсгэлэнгээс “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарлаа.

“ИННОВАЦ, ШИНЭ ТЕХНОЛОГИ, ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨРЛӨГ – 2026”

Эдгээр ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, инновацын хөгжлийг дэмжих зорилгоор АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Инновац, шинэ технологи, оюуны өмчийн өдөрлөг”-ийг 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулна.

Энэ удаагийн өдөрлөгөөр оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи, инновацын шийдэл, хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, ёс зүй, оюуны өмч болон биет бус хөрөнгийн үнэлгээ, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, цаашдын хөгжлийн чиг хандлагыг онцлон авч үзнэ. Мөн эрдэм шинжилгээ, инновацын шилдэг туршлага, ололт амжилтыг танилцуулж, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх юм.

ӨДӨРЛӨГИЙН ХАМРАХ ХҮРЭЭ:

АШУҮИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, эмнэлэг, төв, хүрээлэнгүүд;

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн болон гурав дахь шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд;

Оюуны өмчийн газар;

Монгол Улсын Их Сургууль;

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль.

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 09:00 цагт

Хаана: АШУҮИС-ийн Оюутны соёлын төв, Оюутны хөгжлийн төв

← Бүх мэдээ
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 105 ЖИЛИЙН ОЙ, “ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН МЭНД ХҮРГЭЕ! — АШУҮИС