АШУҮИС-ийн Ахисан түвшний сургуулийн “Хөгжлийн холбоос – MED CONNECT 2026” нээлттэй хаалганы өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөг нь АШУҮИС-ийн магистрант, докторант болон резидент эмч нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалт, судалгааны боломжуудыг таниулах, эрдэм шинжилгээний удирдагч багш нартай холбоо тогтоох, харилцан туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай орчныг бүрдүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Өдөрлөгт нийт 156 суралцагч оролцсоноос 90 гаруй суралцагсдад зургаан чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв.
Тус өдөрлөгт урилгаар “ODIN Tech” компанийн гүйцэтгэх захирал Т. Анужин “Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт” сэдвээр, АУ-ы доктор Б. Саруулжавхлан “Судлаачийн сайн туршлага, замнал” сэдвээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлын туршлагаасаа хуваалцлаа. Зочин илтгэгчид хамтын ажиллагааны үнэ цэн, тасралтгүй суралцахын ач холбогдол, зорилгодоо тууштай хүрэх талаар оролцогчидтой нээлттэй ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.
Цаашид Ахисан түвшний сургуулийн суралцагч болон резидент эмч нарын тасралтгүй хөгжил, судалгааны бүтээмж, мэргэжлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү өдөрлөгийн цар хүрээ, агуулгыг жил бүр баяжуулан, уламжлалт үйл ажиллагаа болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан “Денкфарм” компани, “Энто Фарм” ХХК болон “Эх булаг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Мэдлэг, туршлагаасаа хуваалцсан зочин илтгэгчид, үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан байгууллага, ивээн тэтгэгчид, зохион байгуулагчид болон идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!












