АНУ-ын Майо клиникийн (Mayo Clinic) сэргээн засах болон урологийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нараас бүрдсэн мэргэжлийн баг 2026 оны 11 дүгээр сарын 16–18-ны өдрүүдэд АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль болон Монгол-Япон эмнэлэгт “Нугасны гэмтэл болон ампутацийн сэргээн засах тусламж үйлчилгээ” сэдэвт гурван өдрийн сургалт зохион байгуулна.
Сургалт нь онолын лекц болон практик дадлага хосолсон хэлбэрээр явагдах бөгөөд Монгол Улсад давсагны мэдрэлжүүлэлтийн эмгэг (Neurogenic bladder)-ийг оношлох, эмчлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор уродинамик шинжилгээг хэрхэн хийх талаар практик сургалт явуулна.
Мөн нугасны гэмтэл болон ампутацийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга барил, дэвшилтэт туршлагаас хуваалцах юм.
Тус сургалтад сэргээн засахын эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч болон урологийн эмч, мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

