Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН МОНГОЛ–ЯПОН ЭМНЭЛГИЙН ЭМНЭЛЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ ISO 15189:2022 ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЛЭЭН АВЛАА

Battsetseg D

АШУҮИС-ИЙН МОНГОЛ–ЯПОН ЭМНЭЛГИЙН ЭМНЭЛЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ ISO 15189:2022 ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЛЭЭН АВЛАА

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол–Япон эмнэлгийн Эмнэлзүйн төв лаборатори, Эмгэг судлалын тасаг нь олон улсын ISO 15189:2022 “Эмнэлгийн лаборатори – Чанар ба чадавхад тавих шаардлага” стандартын дагуу олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага болох Quality and Accreditation Institute (QAI)-аар магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ “Эмнэлгийн менежмент–V” олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр гардан авлаа.

Энэхүү магадлан итгэмжлэл нь лабораторийн шинжилгээний чанар, техникийн чадавх, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, чанарын удирдлагын тогтолцоо олон улсын стандартын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулсан чухал амжилт юм.

ISO 15189:2022 ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

✅ Шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдал: Шинжилгээний өмнөх, шинжилгээний болон шинжилгээний дараах бүх үе шатанд чанарын хяналт, баталгаажуулалтыг хэрэгжүүлснээр үр дүнгийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.

✅ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал: Лабораторийн алдаа, эрсдэлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулах тогтолцоог бэхжүүлж, оношилгоо, эмчилгээний шийдвэрийг найдвартай мэдээллээр хангана.

Олон улсын түвшний чанарын тогтолцоо: Лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, шинжилгээний арга, ажилтнуудын ур чадвар, чанарын хяналтыг олон улсын шаардлагад нийцүүлэн тогтмол үнэлж, сайжруулна.

Шинжилгээний үр дүнгийн харьцуулагдах байдал: Дотоод чанарын хяналт, гадаад чанарын үнэлгээ болон лаборатори хоорондын харьцуулалтаар шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, харьцуулагдах байдлыг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Тасралтгүй сайжруулалт: Эрсдэлд суурилсан удирдлага, дотоод аудит, үл тохирлыг залруулах арга хэмжээ, ажилтнуудын тасралтгүй хөгжлөөр дамжуулан лабораторийн үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулна.

Сургалт, эрдэм шинжилгээний хөгжил: Их сургуулийн эмнэлгийн хувьд олон улсын стандартад нийцсэн лабораторийн орчин нь анагаахын оюутан, резидент эмч, лабораторийн мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, мэргэжлийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.

ЧАНАРТАЙ ШИНЖИЛГЭЭ – ЗӨВ ОНОШИЛГОО – АЮУЛГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Энэхүү амжилт нь АШУҮИС-ийн Монгол–Япон эмнэлгийн эмгэг судлал болон эмнэлзүйн лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, олон улсын түвшинд өрсөлдөх чадавхыг бэхжүүлэхэд чухал алхам болж байна.

Магадлан итгэмжлэлийн шаардлагыг ханган ажилласан Эмнэлзүйн төв лаборатори, Эмгэг судлалын тасгийн нийт эмч, био-анагаахын мэргэжилтэн, лабораторийн техникч, ажилтнууд болон дэмжин хамтран ажилласан их сургууль, эмнэлгийн удирдлага, хамт олондоо талархал илэрхийлье.

← Бүх мэдээ
АШУҮИС-ИЙН МОНГОЛ–ЯПОН ЭМНЭЛГИЙН ЭМНЭЛЗҮЙН ТӨВ ЛАБОРАТОРИ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ ISO 15189:2022 ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХҮЛЭЭН АВЛАА — АШУҮИС