“Science First” уриатай “NEW NORMAL – 2026” эрдэм шинжилгээний хурлын Гран-При шагналыг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн (АШУҮИС) Анагаах Ухааны Сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн тасгийн эмч Б.Саруулжавхлан нарын судалгааны баг хүртлээ.
Тус судалгааны багийн “Ходоодны шингэнд Helicobacter pylori халдвар болон кларитромицины тэсвэржилттэй холбоотой мутацийг илрүүлэх шинжилгээг нэвтрүүлсэн нь” сэдэвт судалгааны ажил нь оношилгооны шинэ арга нэвтрүүлэх, эмийн тэсвэржилтийг илрүүлэх замаар эмчилгээний үр дүнг сайжруулахад чиглэснээрээ онцлог юм.
2026 оны аравдугаар сарын 20-нд Тусгаар тогтнолын ордонд болсон нэгдсэн хуралдаанаар Гран-При шагналын эздийг тодруулсан бөгөөд уг эрдэм шинжилгээний хурлыг SDY болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулжээ.
Хурал 2026 оны аравдугаар сарын 13–17-ны өдрүүдэд эдийн засаг, инновац ба хиймэл оюун ухаан, олон улсын харилцаа, анагаах ухаан, хот төлөвлөлт, хүнс, хөдөө аж ахуй гэсэн зургаан салбарын хүрээнд зохион байгуулагдаж, нийт 309 судалгааны бүтээлээс “Эрдэмтэн судлаач” болон “Оюутан” ангиллаар шилдэг бүтээлүүдийг шалгаруулсан байна.
Энэхүү хурал нь салбар бүрийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц шинэлэг санаа, судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг дэмжих зорилготой юм.
Судалгааны багт АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн профессорын баг, Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасаг болон Япон Улсын Оита их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран ажиллажээ.
Гран-При шагнал хүртсэн Б.Саруулжавхлан багш болон судалгааны багийн хамт олонд халуун баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!




