Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ MEERECOMPANY-ИЙН АЛБАН ЁСНЫ ЛАВЛАГАА ТӨВ БОЛЖ, ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Battsetseg D

АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ MEERECOMPANY-ИЙН АЛБАН ЁСНЫ ЛАВЛАГАА ТӨВ БОЛЖ, ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш Э.Сарнай, Б.Баатарсүрэн, Б.Ганхуяг нар Revo-i робот мэс заслын симуляторын сургалтын гурван шатны хөтөлбөрийг амжилттай дүүргэж, Revo-i робот мэс заслын системийг үйлдвэрлэгч БНСУ-ын Meerecompany Inc.-ийн албан ёсны эрхтэй сургагч багш боллоо.

Сургалтын эхний шатыг цахим болон танхимын дадлагыг хослуулан амжилттай дүүргэж, батламж сертификатаа гардан авсан тус багш нар дараагийн шатанд БНСУ-д очиж, Meerecompany-ийн сургалтын төв болон БНСУ-ын Хавдрын төв эмнэлэг (Korea Cancer Center Hospital)-т эмнэл зүйн дадлага хийв. Дадлагын хугацаанд тэд робот мэс заслын бодит эмнэлзүйн орчин дахь үйл ажиллагаа, мэс заслын арга техник, багийн ажиллагааны туршлагаас суралцаж, хоёр шатны шалгалтыг амжилттай өгснөөр Revo-i системээр бусдыг сургах албан ёсны эрхийг авлаа.

Ингэснээр АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Робот мэс заслын сургалтын төв нь Meerecompany-аас сургалт явуулах эрх бүхий лавлагаа төв (Reference Center)-ийн статусыг албан ёсоор авлаа. Энэ нь цаашид Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд робот мэс заслын мэргэшлийн сургалтад гадаад руу явалгүйгээр, дотоодод олон улсын стандартын дагуу хамрагдах боломжийг бүрдүүлж буй чухал алхам юм.

АШУҮИС нь робот мэс заслын дэвшилтэт технологийг сургалт, судалгаа, эмнэл зүйн практикт нэвтрүүлэх замаар олон улсын түвшний хүний нөөцийг бэлтгэх, энэхүү технологийг улсын хэмжээнд хөгжүүлэн нутагшуулах зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байна.

← Бүх мэдээ
АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛИЙН РОБОТ МЭС ЗАСЛЫН СУРГАЛТЫН ТӨВ MEERECOMPANY-ИЙН АЛБАН ЁСНЫ ЛАВЛАГАА ТӨВ БОЛЖ, ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЯВУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЛОО — АШУҮИС