“Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа” (SATREPS) хөтөлбөрийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Токушимагийн их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хепатит Дельта вирусийн (HDV) халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлт” төслийн анхны судлаачид Япон улсыг зорилоо.
АШУҮИС болон Токушимагийн их сургууль хамтран хос дипломын докторын хөтөлбөр шинээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн анхны элсэгчээр АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Бичил амь, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхмийн багш Г.Ануужин, Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны (MEXT) Засгийн газрын тэтгэлэгт оюутнаар А.Цэнгүнмаа шалгарч, тус төслийн хүрээнд мэргэшиж, судлаач бэлтгэх хөтөлбөрт хамрагдана.
АШУҮИС-ийн залуу судлаачид Токушимагийн их сургуульд докторын түвшинд суралцаж, Монгол Улсад Хепатит Дельта вирусийн халдварыг хянах, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх олон улсын хамтарсан судалгаанд оролцох юм.
АШУҮИС-ийн ректор АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж докторын сургалтад шалгарсан багш, судлаачидтай уулзаж, цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсэж, амжилттай суралцан, эзэмшсэн мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлэхийг хүслээ.

