Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

“ИРЭЭДҮЙН ЭРДЭМТЭД” ТӨСЛИЙН ЭРДЭМТЭД АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШЛАА

Battsetseg D

“ИРЭЭДҮЙН ЭРДЭМТЭД” ТӨСЛИЙН ЭРДЭМТЭД АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШЛАА

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны санаачилгаар хэрэгжүүлж буй “Ирээдүйн эрдэмтэд – Учёные будущего” төслийн эрдэмтдийн багийг хоёр дахь жилдээ хүлээн авч, 2026 оны аравдугаар сарын 2-ны өдөр Анагаах ухааны сургуульд сургалт, лекц зохион байгууллаа.

“Ирээдүйн эрдэмтэд” хөтөлбөр нь ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны санаачилгаар ОХУ-ын Гадаад хэргийн яам, “Россотрудничество” агентлаг, “наука.рф” порталын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар А.С. Пушкины нэрэмжит Орос хэлний улсын институт ажиллаж байна.

Тус төсөл нь залуучуудын шинжлэх ухаан, судалгааны үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, залуу судлаачдын санаачилга, эрдэм шинжилгээний ажлыг олон улсад сурталчлах, улс орнуудын эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд 2025 онд таван улсад 10 мянга гаруй сурагч, оюутан, залуу эрдэмтнийг хамруулсан шинжлэх ухаан, боловсролын 300 орчим арга хэмжээг зохион байгуулж, 50 гаруй мэргэжилтэн оролцсон бол 2026 онд нийт долоон улсад хэрэгжиж, ОХУ-ын тэргүүлэх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн 60 гаруй хүнийг хамруулан ажиллаж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд ОХУ-ын эрдэмтэд АШУҮИС-ийн Зүүн кампус дахь Анагаах ухааны сургуулийн “Blue Hall”-д төгсөх дамжааны оюутнуудад мэргэжлийн болон шинжлэх ухааны чиглэлээр лекц уншиж, оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Анагаах ухааны доктор, профессор, Оросын Анагаах Ухааны Академийн профессор, Зүрх судасны өвчнүүдийн нийлмэл эмгэгийг судлах эрдэм шинжилгээний институтийн Эмнэлзүйн кардиологийн төвийн эрхлэгч Василий Васильевич Кашталап “Зүрхний мэс заслын түүх ба зүрх судас судлалын хөгжилд Оросын эрдэмтдийн оруулсан хувь нэмэр” сэдвээр лекц уншив.

Лекцийн үеэр оюутнууд зүрх судасны мэс засалч болохын тулд хэрхэн бэлтгэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, зүрх шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр ажиллахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг зэрэг мэргэжлийн замналтай холбоотой сонирхсон асуултаа профессор В.В.Кашталапт тавьж, харилцан ярилцлаа.

Мөн Оросын Шинжлэх Ухааны Академийн Гүн ухааны хүрээлэнгийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, философийн ухааны доктор Алексей Владимирович Антипов “Биоэтик – Био ёс зүй” сэдвээр лекц уншиж, анагаах ухааны хөгжилтэй уялдсан ёс зүйн асуудлуудын талаар оюутнуудтай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний асуултад хариуллаа.

Лекц болон хэлэлцүүлгийг АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Радиологийн тэнхимийн эрхлэгч Д.Түвшинжаргал орчуулан хүргэлээ.

ОХУ-ын эрдэмтдийн багийг АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор Я.Энхтөр хүлээн авч, тус сургуулийн сургалт, судалгааны өнөөгийн үйл ажиллагаа болон цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэ үеэр Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийн эрхлэгч Балжинням зочдод тус төвийн үйл ажиллагаа, сургалтын орчин, хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрүүдийг танилцууллаа. ОХУ-ын эрдэмтэд Эмнэлзүйн ур чадварын төвийн сургалтын зохион байгуулалт, практик ур чадварт суурилсан сургалтын орчинтой танилцаж, хүний их эмчийн мэргэжилтэн бэлтгэхэд тус төвийн гүйцэтгэж буй чухал үүргийг онцлон сайшаав.

Ийнхүү “Ирээдүйн эрдэмтэд” төслийн хүрээнд зохион байгуулсан лекц, хэлэлцүүлэг нь АШУҮИС-ийн оюутнуудад олон улсын түвшний эрдэмтдийн судалгаа, туршлагаас суралцах, шинжлэх ухааны шинэ мэдлэг, хандлагатай танилцах, цаашдын судалгааны чиглэлээ тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

← Бүх мэдээ
“ИРЭЭДҮЙН ЭРДЭМТЭД” ТӨСЛИЙН ЭРДЭМТЭД АШУҮИС-ИЙН АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬД ЛЕКЦ УНШЛАА — АШУҮИС