Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Япон Улсын Китами Технологийн Их Сургуулийн боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Китами Технологийн Их Сургуулийн Олон улсын харилцааны төвийн захирал, профессор Оно Масүцүгү (ONO Masatsugu), Био-хүнсний инженерчлэлийн хөтөлбөрийн туслах профессор Зоригийн Ануу (ZORIG Anuu) нар АШУҮИС-д зочилж, албан уулзалт зохион байгууллаа.
Тус айлчлалын хүрээнд зочид АШУҮИС-ийн төв байр, Био-Анагаахын сургууль, Эм зүйн сургууль болон Монгол–Японы эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.
Уулзалтад АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан дэд захирал, профессор Д.Цэрэндагва, Эм зүйн сургуулийн захирал ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва, Эм зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгчид болон багш нар, Монгол–Японы эмнэлгийн үйл ажиллагаа, санхүү хариуцсан захирал Л.Мөнх-Эрдэнэ, Био-Анагаахын хүрээлэнгийн эрхлэгч АУ-ны доктор Б.Хонгорзул нар оролцож, хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагааны боломж, тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр багш, судлаачдыг докторын түвшний сургалтад хамруулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, багш, судлаач, оюутны академик солилцоог дэмжих зэрэг судалгаанд суурилсан тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудыг онцлон хэлэлцлээ.
Мөн Китами Технологийн Их Сургуульд АШУҮИС-ийн багш, судлаачид докторын түвшинд суралцан төгсөж, хоёр их сургуулийн хооронд хүний нөөц, эрдэм шинжилгээний тогтвортой холбоо бүрэлдэн хөгжиж байгааг талууд онцоллоо.
АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн хувьд энэхүү уулзалт нь Япон Улсын их сургуультай боловсрол, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу багш, судлаачдыг докторын болон судалгааны хөтөлбөрт хамруулах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний арга хэмжээ зохион байгуулах боломжийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой үйл явдал боллоо.
Цаашид хоёр их сургуулийн хооронд тогтсон академик болон хүний нөөцийн харилцаанд тулгуурлан боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхээр талууд санал нэгдэв.




