Анагаахын мэргэжлийн нэр томьёог монгол хэлнээ оновчтой орчуулах, олон улсын хэрэглээтэй уялдуулах, нэршлийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлсэн “Монгол–Англи–Япон анагаахын 15 цуврал толь бичиг” бүтээх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
Тус төсөл нь 2021 оны 11 дүгээр сард Нагоя их сургуулийн Эмерит профессор Хамажима Нобуюүкигийн санаачилгаар эхэлсэн бөгөөд Япон улсын анагаахын оюутнуудын дунд өргөн хэрэглэгддэг “Medical Disease: An Illustrated Reference Guide” 15 цуврал сурах бичигт тулгуурлан хэрэгжсэн байна.
Төслийн хүрээнд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судас, чихрийн шижин ба бодисын солилцоо, амьсгалын тогтолцоо, цус судлал, дархлаа судлал, тархи мэдрэл, бөөр шээсний зам, эмэгтэйчүүд ба хөхний мэс засал, эх барих, гэмтэл согог, нүд, чих хамар хоолой, арьс, хүүхдийн өвчин судлал зэрэг анагаахын 15 чиглэлийг хамарсан эмнэлзүйн болон нарийн мэргэжлийн нэр томьёог монгол, англи, япон хэлээр орчуулж, 15 цуврал толь бичиг бүтээжээ.
Уг төслийн үр дүнд анагаахын хэд хэдэн салбар мэргэжлийн нэр томьёоны монгол–англи–япон хэлний лавлахтай болж, тэдгээрийг сургалт, судалгаа болон мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдсэн нь төслийн гол үр дүнгийн нэг юм. Толь бичгийг боловсруулахдаа япон, англи хэлний нэр томьёог монгол хэлний мэргэжлийн нэршилтэй уялдуулан, тухайн нэр томьёоны утга, хэрэглээ, мэргэжлийн оновчтой байдлыг харгалзан бүтээсэн байна. Түүнчлэн өмнө хэвлэгдсэн анагаахын толь бичгүүдэд тусгагдаагүй зарим шинэ нэр томьёо, үг хэллэгийг нэмж оруулсан нь бүтээлийн онцлог болжээ.
Төслийн монгол нэр томьёог оноох ажилд АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Гадаад хэлний тэнхимийн болон АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургууль, Био-Анагаахын Сургуулийн мэргэжлийн тэнхимийн багш нар оролцсон бол англи, япон хэлний нэр томьёог боловсруулахад Нагоя их сургуулийн Эмерит профессор Хамажима Нобуюүки, профессор Ямамото Эйко, дэд профессор Тай Това болон Medic Media хэвлэлийн газрын мэргэжилтнүүд хамтран ажиллажээ.
Шинээр бүтээсэн толь бичгүүд нь анагаахын оюутан, резидент, магистр, докторант, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш, судлаачдад зориулсан мэргэжлийн лавлахын үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ гадаадын анагаахын ном, сурах бичиг, судалгааны бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэхэд нэр томьёоны жигд хэрэглээг хангах ач холбогдолтой юм.
Цаашид төслийн багийн зүгээс энэхүү ажлын үр дүнд тулгуурлан анагаахын нэр томьёоны нэгдсэн цахим сан бүрдүүлэх, толь бичгүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, шинэ нэр томьёогоор тогтмол баяжуулах боломжтой гэж үзэж байна.










