Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулиас “Олон улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан ахмад багш, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд тус сургуулийн 29 ахмад багш, ажилтан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Баясгаланмөнх мэндчилгээ дэвшүүлж, ахмад үеийнхний сурган хүмүүжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн талархал илэрхийллээ.
Мөн Эрүүл мэндийн хамгааллын гавьяат ажилтан Д.Долгор, Хүний гавьяат эмч Т.Анигар, ахмад багш Д.Нямаажав, Н.Дашцэрэн нар ахмад багш, ажилтнууддаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ үеэр тус сургуулийн амьд хөгжмийн “Legon’s” хамтлаг, “Сайн санаа–Сайхан сэтгэл” клубийн оюутнууд ахмад багш, ажилтнууддаа зориулан ая дууны мэндчилгээ өргөж, баярын уур амьсгал бүрдүүллээ.
Ахмад үеийнхнийхээ хөдөлмөр, бүтээлч үйлс, үнэтэй туршлагыг хүндэтгэн дээдэлж, тэдний мэдлэг, туршлагыг залуу үедээ өвлүүлэх нь үе үеийн залгамж холбоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуулийн хамт олон нийт ахмад багш, ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, үр хүүхэд, шавь нарынхаа хайр хүндэтгэл дунд сайн сайхан амьдрахын ерөөлийг дэвшүүллээ.











