Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульАлбан ёсны вэбсайт
МЭДЭЭ

АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ 108 ШИНЭ ТЕХНОЛОГИ, ДЭВШИЛТЭТ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА.

Battsetseg D

АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ 108 ШИНЭ ТЕХНОЛОГИ, ДЭВШИЛТЭТ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА.

Монгол Улсын иргэдийн гадаадад эмчлүүлэхэд зарцуулж буй хөрөнгийг эх орондоо үлдээх, дэлхийн дэвшилтэт оношилгоо, эмчилгээний технологийг Монгол Улсад нутагшуулах нь их сургуулийн эмнэлгийн тогтолцооны хөгжлийн чухал зорилтын нэг юм.

Энэ хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээг уялдуулан хөгжүүлж, нийт 108 шинэ технологийг нэвтрүүлээд байна.

Шинэ технологи, инновацыг танилцуулах уулзалтад Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн багш, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж сургуулийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэтийн төлөв, шаардлагатай хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн талаар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Тухайлбал, робот тусламжтай өвдөгний үе солих мэс заслын технологийг Монгол Улсад нэвтрүүлж, 2026 оноос үндэсний эмч нар уг мэс заслыг бие даан хийж эхэлсэн нь дэвшилтэт технологийг нутагшуулж, эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлж буй бодит үр дүн болж байна.

Мөн “Багшийн эрүүл мэндийг дэмжих төв” нь багш, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг, төрөлжсөн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллаж байна.

Тус төв 2026 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 2130 багш, ажилтныг төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, зөвлөгөөнд хамруулснаас 94 тохиолдол мэс засал болон өдрийн эмчилгээнд хамрагджээ. Мөн 1947 цахим хүсэлт хүлээн авч, багш, ажилтнуудад эмчийн үзлэг, зөвлөгөө үзүүлсэн байна.

Орон нутагт ажиллаж буй багш, ажилтнуудад төрөлжсөн мэргэшлийн эмчийн тусламж үйлчилгээг цахимаар хүргэх зорилгоор Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Архангай, Орхон, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудад 14 удаагийн цахим зөвлөгөө зохион байгуулжээ.

АШУҮИС-ийн их сургуулийн эмнэлгийн тогтолцоо нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламж шинэ технологи гэсэн уялдаатай тогтолцоогоор хөгжиж, иргэдэд эх орондоо дэвшилтэт оношилгоо, эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна.

← Бүх мэдээ
АШУҮИС-ИЙН МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГ 108 ШИНЭ ТЕХНОЛОГИ, ДЭВШИЛТЭТ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА. — АШУҮИС