Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль (МАУОУС) болон Япон Улсын Токио Ариаке Их Сургууль (ТАИС)-ийн хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойд зориулсан “Уламжлалт анагаахын бариа заслын онол, арга зүй ба эмнэлзүйн хэрэглээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
АШУҮИС болон Токио Ариаке Их Сургууль нь 2016 оноос эхлэн Монгол Улсад анх удаа “Уламжлалт анагаахын засал” бакалаврын хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Арван жилийн хугацаанд тус хөтөлбөр нь Монгол болон Японы уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан, уламжлалт засал, сэргээн засах болон жүдо бариа заслын чиглэлээр өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж, хоёр орны боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаад байна.
Хурлын нээлтэд АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масару Игавахара, ТАИС-ийн ТУЗ-ийн дарга, АШУҮИС-ийн хүндэт профессор Кожи Сакураи, ТАИС-ийн захирал Хироши Хаяаши болон АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш нарын хүндэт зочид, эрдэмтэн багш нар, залуу судлаачид, оюутнууд оролцов.
Эрдэм шинжилгээний хуралд:
Үндсэн илтгэгчдээр Токио Ариаке Их Сургуулийн профессор Ирие Казунори “Өвдөгний үений тогтворгүй байдлыг илрүүлэх сорил ба практик хэрэглээ”, МАУОУС-ийн Уламжлалт бариа заслын тэнхимийн эрхлэгч Г.Мөнхзул “Уламжлалт анагаахын засал хөтөлбөрийн хөгжил”, ТАИС-ийн профессор Фүкүда Итару “Гарын шуу ясны Коллесийн хугарлын тухай” нар урилгаар илтгэл хэлэлцүүллээ.
ТАИС болон АШУҮИС-ийн магистрант, бакалаврын суралцагчид спортын бэртэл гэмтэл, бүсэлхийн нурууны өвдөлт, аарцгийн хазайлт, ахиллын шөрмөсний үрэвслийн сэргээн засах эмчилгээ болон жүдо бариа заслын үр дүнгийн чиглэлээр хийсэн судалгааны ажил, туршлагаа танилцуулж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулан шагналаа.
Тус хурал нь хоёр орны залуу судлаачид, оюутан залуусын онол, практикийн мэдлэгийг бататгах, судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгох, анагаах ухааны салбар дахь хамтын ажиллагааг улам бүр батжуулан бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хурал боллоо.



































