АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны хүрээлэн, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Дотор өвчин судлалын тэнхим, Архангай аймаг дахь АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор, Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн сургалт, үзлэг, оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг 2026 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.
Энэ хүрээнд “Чихрийн шижин хэвшинж 2-ын нотолгоонд суурилсан уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, Архангай аймгийн 9 сум, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Онцгой байдлын газар болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалт, дадлагыг төслийн удирдагч, МАУОУС-ийн Дотор өвчин судлалын тэнхимийн дэд профессор, МУАУХ-ийн Эмнэлзүйн судалгааны секторын эрхлэгч П.Молор-Эрдэнэ, төслийн зохицуулагч, тус тэнхимийн багш, АУ-ны магистр Б.Цэрэнтогтох, төслийн зохицуулагч, МАУОУС-ийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ны магистр Ю.Оюунбилэг нар удирдан явуулж, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний арга зүйн талаар онол, дадлагын хичээл зохион байгууллаа.
Мөн төслийн багийн эмч, мэргэжилтнүүд орон нутгийн иргэдэд уламжлалт анагаах ухааны үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, уламжлалт заслын эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэв.
МАУОУС-ийн Уламжлалт эмчилгээний тэнхимийн багш, АУ-ны магистр Б.Нарантуяа, АУ-ны магистр Б.Батдулам нар иргэдийн дунд үений хэт авиан оношилгоо хийж, бариа заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн бол МУАУХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, АУ-ны магистр М.Энхбаяр ясны сийрэгжилтийн оношилгоо хийж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэхүү хамтарсан үйл ажиллагаа нь уламжлалт анагаах ухааны нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний арга зүйг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах ач холбогдолтой юм.



