АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж буй KRC төслийн баг нь төслийн сүүлийн хагаст хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх воркшоп семинарыг зохион байгууллаа.
Төслийн сүүлийн хагаст хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлж, улмаар нэгтгэн боловсруулж ажлын төлөвлөгөөнд тусгах нь энэхүү арга хэмжээний зорилго юм.
Тус арга хэмжээнд АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан проректор Д. Цэрэндагва, Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор Ц. Билэгтсайхан, болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлагууд, тасаг нэгжийн эрхлэгч,эмч, ажилтнууд оролцлоо.
Хэлэлцүүлэгт 50 орчим хүн оролцсон бөгөөд Японы Икёку тогтолцоог нэвтрүүлэх асуудал, Эмнэлэг дээрх сургалтын тогтолцоо, симуляц ашиглах сургалт, Сувилахуйн сургалт, Санхүү, үйл ажиллагаа, мониторинг, стратеги төлөвлөгөө хэмээх асуудлуудыг ярилцан хэлэлцэж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад шаардагдах санал санаачилгыг нэгтгэн гаргасан.
Мөн үйл ажиллагаанд 40 орчим эмч, багш, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд клиникал патвэй, эмнэлзүй, хамтарсан судалгааны асуудлыг нарийвчлан хэлэлцсэн. Энэхүү арга хэмжээнд эмч, багш нараас гадна АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Мэдээлэл Технологийн алба, Бүртгэл, даатгал статистикийн алба зэрэг албадууд оролцсон нь эмнэлгийн тусламж үйлчилгээг иж бүрэн, цогцоор нь авч хэлэлцэн, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Энэхүү воркшоп дээр хэлэлцэн ярилцсан асуудлыг улам нарийвчлан боловсруулж улмаар төслийн сүүлийн хагаст хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгаснаар Их сургуулийн эмнэлгийн чиг үүрэг улам бэхжиж, Япон менежментийг нутагшуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.














