АШУҮИС-ийн Ректорын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнгээр 96,3%, хамгийн өндөр үнэлгээг авч, удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар АШУҮИС-ийн ректорын албан тушаалд АУ-ы доктор, профессор Б.Дамдиндоржийг томиллоо.
Профессор Б.Дамдиндорж нь 2005 оноос дадлагажигч багш, багш, ахлах багш, 2012 – 2018 онд Физиологийн тэнхимийн эрхлэгч, 2018 – 2020 онд АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал, 2020 – 2023 онд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Тэргүүн дэд захирал, 2023 – 2024 онд Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс АШУҮИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан.
Ректороор томилогдсонтой холбогдуулан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлөөс өгч буй удирдамж, чиглэл, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, удирдах ажилтын ёс зүй, манлайллыг хэрэгжүүлж ажиллахыг Б.Дамдиндоржид үүрэг болголоо.
Ректор Б.Дамдиндорж ‘’АШУҮИС-ийг шинжлэх ухаанд шинэ мэдлэг бүтээх, судалгаанд суурилсан их сургууль болох, олон улсад үнэлэгдсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам хөгжүүлэх чиглэлээр өөрийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулж, идэвх зүтгэл гарган мэрийн ажиллах болно’’ гэдгээ илэрхийлэв.
АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндоржид баяр хүргэж, ажлын амжилт хүсье