Монгол Улсад робот мэс заслын дэвшилтэт технологийг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд чухал алхам болсон АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийг өргөжүүлэн Робот мэс заслын сургалтын төв өнөөдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Тус төв нь мэс засалч, резидент эмч, сувилагч болон эмнэлгийн бусад мэргэжилтнийг симуляцид суурилсан, багийн сургалтаар бэлтгэж, робот мэс заслын дэлхийн технологийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалтын орчин бүрдүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд АШУҮИС-ийн Ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн профессор, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Робот мэс заслын сургалтын төв нь Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг олон улсын түвшний дэвшилтэт технологид сургах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улмаар мэс заслын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чиглэнэ.
Тус төвийг байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Kerry Mining (Mongolia) LLC болон АШУҮИС-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье.



















