АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нь COP17 бага хурлын төлөөлөгч, зочин гадаад иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн яаралтай тусламж, амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэхээр эмнэлгийн зохион байгуулалт, хүний нөөц, эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг ханган, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байна.
Монгол-Японы эмнэлгээс COP17 бага хурлын талбар дахь Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламжийн 2 цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн 2 баг, бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн 2 машинтайгаар нийт 17 эмнэлгийн эмч, мэргэжилтнийг өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар ажиллуулж байна.
СОР-17 бага хурлын “Ажиллагааны удирдлагын нэгдсэн төв”-д тус эмнэлгийн хэмжээнд хурлын төлөөлөгчдөд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг тогтсон хугацаанд илгээн, ЭМЯ-аас ирүүлсэн чиглэл үүргийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, аюулгүй, шуурхай байдлыг ханган ажиллаж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад гадаадын иргэн үйлчлүүлэгчтэй харилцахад хэлний бэрхшээл саад үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тус эмнэлгийн яаралтай тусламжийн болон амбулаторийн тасагт гадаад хэлний орчуулагч, хөтчийн үүргийг суралцагч резидент эмч нар болон АШУҮИС-ийн англи хэлний ангийн сайн дурын оюутнуудаас бүрдсэн баг дэмжин туслах үүргийг идэвхтэй гүйцэтгэж байна.







