ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН “GET TOGETHER IN TOKUSHIMA” ЗУНЫ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АШУҮИС-тай хамтын ажиллагаатай Япон улсын Токушима их сургуулиас 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй “Get Together in Tokushima” олон улсын зуны оюутан солилцооны хөтөлбөр энэ жил 2026 оны 7-р сарын 29-ний өдрөөс 8-р сарын 06-ны өдөр хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрт АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн IV дамжааны оюутан У.Сарнай, III дамжааны оюутан О.Солонго, II дамжааны оюутан Ч.Тэлмүүн, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн II дамжааны оюутан Б.Мишээл нар оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн оюутнуудыг Токушима их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Кавамура Ясухико хүлээн авч уулзан, Япон улсад аялах, суралцах хугацаандаа үр бүтээлтэй сайхан дурсамж бүтээж, сурлага, цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Оюутнууд хөтөлбөрийн хүрээнд Япон оюутнуудтай харилцан туршлага солилцож, Японы уламжлалт урлаг, соёлтой танилцахын зэрэгцээ уран бичлэг (Шодо), цайны ёслол (Садо), тайко бөмбөрийн тоглолт (Вадайко) зэрэг уламжлалт соёлын үйл ажиллагаанд оролцов. Мөн Токушима нутгийн онцлог соёлыг танин мэдэх зорилгоор индиго будах уламжлалт арга (Айзомэ) болон Ава Одори бүжгийн арга хэмжээнд биечлэн оролцож, Японы үндэсний болон нутгийн соёлын онцлогийг илүү гүнзгий танин мэдэх боломжтой байлаа.

Түүнчлэн оюутнууд TAIHO Pharma эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, эм үйлдвэрлэлийн технологи, тэр дундаа хавдрын эсрэг эмийн үйлдвэрлэлтэй танилцан, эм зүй, анагаах ухааны салбарын орчин үеийн хөгжлийн талаар шинэ мэдээлэл олж авлаа.

АШУҮИС-ийн оюутнуудын хувьд тус хөтөлбөрт оролцсон нь Япон улсын соёл, уламжлалтай танилцахын зэрэгцээ олон орны оюутнуудтай харилцах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлөө дэмжих, цаашдын академик хамтын ажиллагааны талаар шинэ ойлголт, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой байлаа.