АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн I, II, IV, V дамжааны оюутнууд “Солилцооны хөтөлбөр”-т амжилттай хамрагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Япон оюутнуудыг АШУҮИС-ийн Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Д.Аззаяа удирдан, Анагаах ухааны сургууль (АУС) болон Нүүр ам судлалын сургууль (НАСС)-ийн оюутнуудын хамт 2026 оны 8-р сарын 5–12-ны өдрүүдэд эмнэлзүйн танилцах дадлага, оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд Жичи анагаах ухааны их сургуулийн оюутнууд АУС-ийн Эмнэлзүйн ур чадварын төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, “Одонт Манал” өрхийн эрүүл мэндийн төвд зочлон, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж, богино хугацааны дадлага ажлаа амжилттай гүйцэтгэлээ. Түүнчлэн уламжлалт ахуй, нүүдлийн соёл, зан заншилтай танилцаж, Монгол орны байгаль, түүх, соёлын онцлогийн талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлууллаа.
АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж Жичи анагаах ухааны их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзан, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Тус хөтөлбөрийг амжилттай хамтран зохион байгуулсан АШУҮИС-ийн Гадаад харилцааны газар, Хангамж, үйлчилгээний газар, Анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон “Одонт Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн нийт хамт олонд талархал илэрхийлье.
















