ЗҮҮ ТӨӨНӨ ЗАСЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД БНХАУ-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО

АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль болон Тяньжингийн Хятадын Анагаах Ухааны Их Сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Зүү төөнийн их эмч” бэлтгэх 4+2 хамтарсан хөтөлбөрт суралцаж буй 5-р дамжааны 8 оюутан БНХАУ-д үргэлжлүүлэн суралцахаар боллоо.

Тус хамтарсан хөтөлбөрийг 2013 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн “Зүү төөнийн их эмч” мэргэжлийн 4 дүгээр дамжааны оюутнууд БНХАУ-д суралцахын өмнө хятад хэлний түвшин тогтоох HSK-5 шалгалтыг амжилттай үнэлүүлж, Тяньжин хотын гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгт хамрагдан суралцах эрхээ авдаг билээ.

Хөтөлбөрийг амжилттай төгсөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хоёр их сургуулийн хос бакалаврын диплом эзэмшихээс гадна БНХАУ-д магистрын түвшинд тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах боломжтой. Түүнчлэн АНУ-ын “National Certification Commission for Acupuncture and Oriental Medicine (NCCAOM)” мэргэжлийн шалгалтад хамрагдах эрхтэй бөгөөд шалгалтыг амжилттай өгснөөр АНУ болон олон улсын хэмжээнд мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэн төгсөгчид маань АНУ, Их Британи, Швейцарь болон Европын бусад оронд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Монгол Улсын төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд зүү төөнийн их эмчээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус хамтарсан хөтөлбөрөөр 40 гаруй зүү төөнийн их эмч амжилттай төгсөөд байна. Сүүлийн жилүүдэд оюутнуудын суралцах идэвх, хариуцлага, хятад хэлний мэдлэгийн түвшин эрс сайжирч, олон улсын тэтгэлэгт хамрагдан суралцах оюутны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг илтгэж байна.

Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар нь БНХАУ-д суралцахаар мордож буй оюутандаа сурлагын их амжилт хүсэж, АШУҮИС, Монголын уламжлалт анагаах ухааны нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихийг хүсэн ерөөв.

МАУОУС-ийн оюутан Сугаррагчаа овогтой Энх-Ундрал, Ганбаатар овогтой Анунзаяа, Тэрбиш овогтой Маргад-Эрдэнэ, Мөнхтулга овогтой Есүгэн, Чимлес овогтой Дария, Бадарч овогтой Баярмагнай, Зориг овогтой Ангараг, Бат-Эрдэнэ овогтой Даваажаргал нартаа сурлагын өндөр амжилт хүсье!