АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Англи хэлээр хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн IV, V дамжааны 24 оюутан Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандоржийн удирдлага дор 2026 оны 7 дугаар сарын 1–28-ны өдрүүдэд БНСУ-ын Чунг-Анг Их Сургуулийн харъяа Хьюндэй эмнэлэгт 1 сарын хугацаатай, нийт 165 цагийн эмнэлзүйн дадлагыг амжилттай дуусгалаа.
Оюутнууд дотрын өвчин судлал, мэс засал болон гэмтэл, согог судлалын тасгуудад дадлага хийж, БНСУ дахь оношилгоо, эмчилгээний менежмент, эмнэлзүйн шийдвэр гаргалт, мэс заслын өмнөх болон дараах тусламж үйлчилгээний зохион байгуулалттай танилцлаа. Мөн эмч нарын амбулаторын үзлэг, эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлгүүдэд оролцож, өвчтөнөөс асуумж авах, үзлэг хийх, лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээг үнэлэх, оношлох, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах зэрэг эмнэлзүйн үндсэн ур чадвараа бодит орчинд бататгав.
Мөн мэдрэлийн өвчин судлал, эх барих, эмэгтэйчүүд судлал, гэмтэл согог судлал, судасны мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, нөхөн сэргээх мэс засал, уушги судлалын чиглэлээр профессор, зөвлөх эмч нарын удирдсан лекц, семинаруудад хамрагдаж, эмнэлзүйн тохиолдолд суурилсан сургалтаар дамжуулан сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний арга зүй болон олон улсын эмнэлзүйн удирдамжтай танилцлаа.
Энэхүү эмнэлзүйн дадлага нь оюутнуудын онолын мэдлэгийг практикт бататгахаас гадна олон улсын эмнэлгийн орчинд ажиллах туршлага хуримтлуулах, мэргэжлийн ёс зүй, багийн ажиллагаа, өвчтөнтэй англи хэлээр мэргэжлийн түвшинд харилцах ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв. Түүнчлэн БНСУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, өвчтөний аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоо болон орчин үеийн дэвшилтэт оношилгоо, эмчилгээний технологитой танилцсан нь ирээдүйн эмчийн мэргэжлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг бодитоор харуулсан дадлага болсон юм.









