Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран “Монголын Шинжлэх ухаан ба Судалгааны түншлэл” (Mongolia Partnership for Science and Research)-ийг албан ёсоор эхлүүллээ.
Тус түншлэлийн хүрээнд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС), Нэгдсэн Үндэстний Байгууллагын агентлагууд болон бусад түнш байгууллагууд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Saia Ma’u Piukala, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Socorro Escalante, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх хамтын зорилгоо бататгалаа.
Энэхүү санаачилга нь төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд болон судлаачдын хамтын ажиллагааг бэхжүүлж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих, судалгааны үр дүнг практикт үр өгөөжтэй нэвтрүүлэх зорилготой юм.
Нээлтийн арга хэмжээнд үндэсний болон олон улсын судлаачид, шинжээчид оролцож, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, судалгаа, инновацын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв.
Түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн аюулгүй байдал, халдварт болон халдварт бус өвчин, “Нэг эрүүл мэнд” хандлага, орчны эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн нийгмийн тодорхойлогч хүчин зүйлс зэрэг тэргүүлэх чиглэлүүдэд судалгаа, инновацыг дэмжин ажиллах юм.
















