Монголын Хөдөлмөр Засалчдын Холбоо болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулж буй “Монголын хөдөлмөр заслын олон улсын дөрөвдүгээр чуулган” амжилттай явагдаж байна.
Энэ удаагийн чуулган нь “ХАМТДАА СУРАЛЦАЖ, ТАСРАЛТГҮЙ ХӨГЖЬЕ” гэсэн уриан дор өрнөж байгаа бөгөөд өнөөгийн нийгэмд нэн тулгамдаж буй “Сэтгэцийн эрүүл мэндийн хөдөлмөр засал” болон сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах асуудлыг онцгойлон хэлэлцэж буйгаараа онцлог юм.
Тус хуралд Хонконг, Хятад, Солонгос, Япон, Пакистан болон Монгол Улсын хөдөлмөр засалчид, эрдэмтэн судлаачид болон Хонконгийн их сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн хөдөлмөр заслын ангийн оюутнууд оролцож байна. Олон улсын мэргэжилтнүүд өөрсдийн улс орны сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөдөлмөр заслыг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлсэн туршлага, нотолгоонд суурилсан дэвшилтэт арга зүйгээ хуваалцаж, Монголын практикт нутагшуулах боломжуудын талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.








