АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар АУС-ийн Оюутан түшиц эмнэлгийн хамт олон “Happy Family Fest” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, “Монгол Эм Импэкс Концерн” (MEIC), Эмзүй, био-анагаахын тэнхим, Анагаахын IV дамжааны оюутнууд, “Хүүхэд судлаач” оюутны клуб хамтран оролцов.
Энэхүү өдөрлөгөөр багш, ажилтан, оюутнууд болон тэдний гэр бүлийн гишүүд, Сайншанд сумын иргэд хамрагдаж, давхардсан тоогоор нийт 79 хүнд үзлэг, шинжилгээ, оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний хоолны амталгаа, дархлаа дэмжих үйлчилгээ, амин дэмийн талаарх мэдээлэл хүргэв.
Эрүүл мэндийг дэмжих дэлхийн өдөр, Дорноговь аймгийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээ нь өрхийн бүх гишүүдэд чиглэсэнээрээ онцлог байлаа.
Өдөрлөгийн үеэр дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал, арьс харшил, сэргээн засах, урологи, чих хамар хоолой, нүд зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдэж, цусан дахь глюкоз, витамин D тодорхойлох шинжилгээ, биеийн жингийн индекс, бодисын солилцоо, биеийн ус шингэний тэнцвэрийг үнэлэх зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлэв.
Мөн оролцогчид зүрх судас, хоол боловсруулах, тулгуур хөдөлгөөн, мэдрэл, бөөр шээс ялгаруулах тогтолцоо, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, харшлын үеийн болон нярайн хооллолт, дархлаа дэмжих хоолны талаар мэдээлэл авч, зөвлөгөөнд хамрагдлаа.

















