“ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” нэгдсэн хуралдаанд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, Японы Токушимагийн их сургуулийн Анагаах ухааны төгсөлтийн сургууль, Микробиологийн тэнхимийн Судалгааны профессор, Монгол Улсад элэгний Д вирусийн халдварыг хянах SATREPS төслийн удирдагч Доктор Такааки Кома, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал Б.Энхболд, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Судалгаа боловсруулалтын төвийн эрхлэгч Б.Хонгорзул нар зочин илтгэгчээр оролцлоо.
Нэгдсэн хуралдаанд САЛБАР ЭРДМИЙН ЧУУЛГАН-аас шалгарсан шилдэг 9 илтгэл хэлэлцэгдэж, их сургуулийн ректорын тушаалаар, эрдмийн зөвлөлөөс томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүний өгсөн үнэлгээний нийлбэр дүнгээр Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн Дурангийн тасгийн эмч АУ-ны доктор Б.САРУУЛЖАВХЛАН нарын туурвисан “Дэлхийн хүн амын дундах helicobacter pylori-ийн онкоген CAGA-гийн тархалт ба олон янз байдал” сэдэвт илтгэл ТЭРГҮҮН байр,
Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн багш, Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн төв лабораторийн судлаач Анагаах ухааны магистр А.ОЮУНБААТАР нарын туурвисан “Монгол оронд тархсан хеликобактерийн эмийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн” сэдэвт илтгэл ДЭД ТЭРГҮҮН байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.
Ахисан түвшний сургалтад суралцагч 8 магистрант, 8 докторантад АШУҮИС-ийн Ректорын нэрэмжит судалгааны тэтгэлгийн батламж олгож, докторын дараах судлаачдаар АУ-ны доктор Г.Дариймаа, АУ-ны доктор Р.Наранхүү нар шалгарч, батламжаа гардан авлаа. АШУҮИС-ийн судлаачид 2025 онд Elsevier компанийн “SCOPUS” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд Хариуцлагатай зохиогчоор 53, Нэгдүгээр зохиогчоор 13, Хамтарсан зохиогчоор 58 өгүүлэл хэвлүүлж, АШУҮИС-ийн ШУТДС-ийн журмын дагуу бүтээлийн урамшуулал, батламжийг олголоо.
АШУҮИС-ийн “2025 оны шилдэг судлаач”-аар чансаа өндөр мэргэжлийн сэтгүүлд хариуцлагатай зохиогчоор 5, хамтарсан зохиогчоор 4, нийт 9 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн Анагаах ухааны сургуулийн Мэс заслын тэнхмийн багш, АУ-ны доктор, профессор А.ШИЙРЭВНЯМБА шалгарч, өргөмжлөл, батламж, Денк фармын нэрэмжит грант гардан авлаа. Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2026 оноос эхлэн хэрэгжүүлэх ахисан түвшний судалгааны төслийн удирдагчаар АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс, АУ-ны доктор, дэд профессор Л.Саямаа, Эмзүйн ухааны доктор, дэд профессор Д.Отгонсүрэн, АУ-ны доктор, дэд профессор Б.Сапаар, Инновац, технологи дамжуулах төслийн удирдагчаар АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ, АУ-ны доктор, дэд профессор Б.Цэрэнцоо, Физикийн ухааны магистр Г.Бат-Эрдэнэ, Судалгааны хүрээлэн, төв, лабораториудын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх салбар дундын судалгааны төслийн удирдагчаар Анагаах ухааны доктор М.Нандин-Эрдэнэ, АУ-ын доктор, профессор Ц.Одгэрэл АУ-ны доктор, дэд профессор П.Молор-Эрдэнэ нарын судалгааны баг шалгарч, төсөл хэрэгжүүлэх батламжаа гардан авлаа.
Энэ удаагийн Эрдмийн чуулганд 800 гаруй шилдэг илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдлоос бүрдсэн Зохиогчийн индекс бүхий “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” илтгэлийн эмхэтгэл, эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж багш судлаачдын хүртээл боллоо. “ЭРДМИЙН ЧУУЛГАН-68” нэгдсэн хуралдааныг дэмжиж ажилласан Денк фарм ХХК, Сөү бюти ХХК болон Хатан хармаг ХХК-д талархал илэрхийлье. Ийнхүү жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг 68 дахь удаагийн Эрдмийн чуулганаа манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн тэмдэглэлээ.

















































































